Мөхөшгүй найдварын гал

Мэдээ

Манай Монголчууд АНУ-н 44 дэхь ерөнхийлөгч Барак Обамагийн талаар хангалттай сонссон бизээ. Тэгвэл түүний бичсэн Мөхөшгүй Найдварын Гал номыг ЭМОС клубын гишүүн М.Отгонпүрэв, М.Индра нарын хэсэг залуус эх хэл дээрээ хөрвүүлэн гаргасан байна.

Барак Обама бол Ардчилсан намаас нэр дэвших сунгаанд Хиллари Клинтонтой өрсөлдөн ялж, үүний дараагаар ерөнхийлөгчийн сонгуульд Жон МакКейн-тэй өрсөлдөн 2008 оны 11 дүгээр сарын 4-нд ард түмнийхээ хүсэл зоригийн илрэл болон сонгогдсон билээ.

Тэрээр 2009 оны 1 дүгээр сарын 20-нд тангараг өргөснөөр АНУ-н 44 дэхь ерөнхийлөгч болсон юм. Их гүрний анхны хар арьстан ерөнхийлөгч Барак Обама 2006 онд туурвисан энэхүү номондоо Америкийн болон дэлхийн улс төр, нийгэм, үндэстэн угсаатан, арьс өнгөний ялгаварал, хувь хүмүүсийн талаарх үзэл бодлоо дэлгэрэнгүй бичжээ.

Мөн өнгө, мөнгөний эрин үед хүн хүнээрээ байхын чухлыг, итгэл найдвараа алдахгүй, хүсэл эрмэлзлээ гээхгүй амьдрахын утга учрыг туулсан амьдралаараа нотлон өгүүлсэн байна. Мөрөөдөл дуусах газар амьдрал төгсдөг гэдэг. Америк мөрөөдлийг, америк итгэлийг биелүүлэх гэж буй энэ хүний үзэл санаа, дотоод сэтгэлтэй дотно танилцах боломж монголчууд та бидэнд нээгдлээ.

Мөхөшгүй Найдварын Гал номны нээлт 4 дүгээр сарын 27-ны өдрийн 13.00 цагт Улсын Төв Номын Санд болно. Нээлтийн үеэр номыг та 20% хямдралтай худалдаж авах боломжтой юм байна.

No Comments

“Амжилтанд хүрэх гал эрмэлзэл” ном дахин хэвлэгдэх боллоо

Мэдээ, Номын тавиур
2 дахь хэвлэл

2 дахь хэвлэл

ЭМОС клубын хэвлүүлсэн гурав дахь бүтээл буюу “Амжилтанд хүрэх гал эрмэлзэл” ном дахин хэвлэгдэх боллоо.

Хоёрдахь хэвлэлийн өмнөх үг

Японы нэрт бизнесмэн Инамори Казүогийн “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” ном анх 2006 онд монгол хэлнээ орчуулагдан гарч олны хүртээл болноос хойш даруй гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд уг номыг найман настай балчраас наян настай буурал хүртэл олон зуун уншигч уншиж, бидэнд санал сэтгэгдлээ ирүүлэн, урмын үг хайрлаж байлаа. Анхны хэвлэл нь эдүгээ манай улсын номын дэлгүүрүүдэд үзэгдэхээ байж, уг номыг эрж сурсан уншигчид бидэнд хандах болсоор багагүй цаг хугацаа улирчээ. Мөн сүүлийн үед Улаанбаатар дахь зарим нэг номын дэлгүүрээс ахин хэвлэж өгөхийг хүсэх болсон юм. Ингээд уг номын хоёр дахь хэвлэлийг гаргах талаар зохиогч Инамори Казүо гуайд ЭМОС клубээс хүсэлтээ илгээсэнд, бидний санааг Инамори гуай ихэд таатай хүлээн авч, Монголын уншигчид өөрийнх нь номыг сонирхон уншиж, үзэл бодлоос нь хуваалцан, суралцаж буйд талархаж буйгаа илэрхийлсэн билээ.

Бидний чадан ядан орчуулсан энэхүү бүтээлд сургамжтай сайхан үг соёрхсон Монгол улсын Ерөнхий сайд асан Ш. Гунгаадорж гуай болон хоёр дахь удаа хэвлэх эрхийг олж авахад гүн туслалцаа үзүүлсэн Киосэра компанийн ажилтан Касүя Масаши нарт гүн талархал илэрхийлье. Гал эрмэлзэл бадрах болтугай!

ЭМОС Клуб
2009 оны 3 сар

1 Comment

Шинэ ном: “Япон хөтөч” (2008 он)

Номын тавиур

Japan guide

“ЭМОС НОМ” –ын дөрөвдэх бүтээл хэвлэгдэн гарч, уншигч та бүхэнтэйгээ дахин мэндчилж байгаадаа баяртай байна. Сүүлийн жилүүдэд сурах, ажиллах, аялж жуулчлахаар Япон орныг зорих хүмүүс олширсоор байгаа билээ. Дэвжээ эзэлсэн монгол сүмочдын бахархам амжилт, төр засгийн хамтын ажиллагаа, жирийн иргэдийн харилцаа нөхөрлөлийн үр дүнд Япон улсад ч манай улсын эзлэх орон зай томорч байгаа нь мэдрэгдэх болоод байна.

Жирийн япон хүмүүс Японд байгаа Азийн орныхон дотроос монголчууд бидэнд арай илүү элэгсэг, дотно хандах нь анзаарагддаг. Нөгөө талаас монголчууд бидний хувьд ч япончууд үсрэнгүй хөгжлөөрөө үлгэр дууриал болж, ажилч хичээнгүй, даруухан зан чанараараа хүндлэл төрүүлдэг ард түмэн билээ.

Бид энэхүү цаг үеийн хандлага, эрэлт хэрэгцээнд тулгуурлан зон олон монголчууддаа Япон орон, Японы соёлын талаар ойлголт өгөх, Японд сурах, ажиллах, бизнес эрхлэхээр зорьсон хүмүүстээ мэдээлэл өгч санасан хэрэгт нь тус нэмэр болох үүднээс хөтөч номыг бичихээр шийдсэн билээ.

Номын бүтцээс танилцуулахад, эхний бүлэг болох “ХҮМҮҮС, АМЬДРАЛ, СОЁЛ”-д, япон соёлын үндэс, сэтгэхүйг өөрсдийн хэмжээнд бичиж дүгнэсэн бөгөөд япончуудыг ойлгож, тэдэнтэй сайхан харьцаа тогтооход уншигч танд хэрэг болоосой гэж хүснэм. Мөн Японы эдийн засгийн цар хүрээ, хөгжлийн түүх цаашлаад бизнесийн соёл зэргийн тухай хоёрдугаар бүлэг болох ”ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕС”-т бичив. Хэдийгээр манай хоёр орны харилцаа өргөжсөөр байгаа ч, энэ нь хувийн хэвшил, бизнесийн салбарт бол одоо хир чамлалттай түвшинд байгаа тухай, Монгол-Японы хооронд бизнесийн гүүр босгох боломж, орон зай манай бизнесмэнүүдийг хүлээсээр байгаа тухай энэ хэсэгт өгүүлэв. Харин гуравдугаар бүлэг “БОЛОВСРОЛЫН ОНЦЛОГ БА СУРАЛЦАХ БОЛОМЖ”-д Японы боловсролын тухай товч танилцуулга, мөн Японд ирж суралцах ямар арга хэлбэр байдгийг тайлбарлан бичсэн юм. Цаашлаад Япон оронд аялж жуулчлахыг хүссэн уншигчиддаа зориулж дөрөвдүгээр бүлэг болох “АЯЛАЛ АМРАЛТ”-д байгалийн үзэсгэлэнт газар, амттай япон хоол, хямд аялах арга, хил гааль гарахад хэрэгтэй мэдээллүүдийг тус тус толилуулахыг зорив.

Япон улсын тухай монгол хүний нүдээр тайлбарлан бичсэн энэхүү номоо уншигч танд өргөн барьж байна.

No Comments

Шинэ ном: “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” (2006 он)

Номын тавиур

Уншигч танаа ЭМОС клубын гурав дахь бүтээл “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” номыг өргөн барьж байна. Тус клуб 2004 онд “Өөрийгөө хөгжүүлье!” хэмээх анхныхаа хамтын бүтээлийг гаргаж, 2005 онд “Мэргэжлээ зөв сонгоход тань” нэртэй дараагийнхаа номыг хэвлүүлсэн билээ. Энэ удаагийнх бол бидний анхны орчуулгын бүтээл болох бөгөөд клубын арван гишүүн гар нийлэн орчуулж, он өртөөлөн уншигч авхайн гарт хүргэж байна.

Зохиогч Инамори Казүо бол Японд төдийгүй дэлхийд нэртэй “Киосэра” группыг үндэслэн байгуулсан хүн юм. Тэрээр 1996 онд хэвлэгдсэн уг номын өмнөх үгт “37 жилийн өмнө Киосэра компанийг байгуулах үед надад бизнес удирдлага, менежментийн ухааны ямар ч мэдлэг, туршлага байсангүй. Ийм нөхцөлд гагцхүү “хүний ёсонд үл харшлах зөв зүйлийг хийх”-ийг тулгуур болгож менежментээ эхлүүлэхээс өөр аргагүй байсан юм. Яваандаа би амьдралын жинхэнэ утга учир, менежментийн байвал зохих арга хэлбэрийн талаар нухацтай бодох болж, өөрийн гэсэн удирдлагын гүн ухааныг боловсрууллаа. Чингээд үүнийг ажилтнуудтайгаа хуваалцахаар өнөөдрийг хүртэл чармайж ирэв. Киосэра компанийн амжилтын талаар надаас асуухад “Компани маань өөрийн гэсэн философитой, түүнийг нь ажилтан бүр сэтгэл зүрхээрээ хуваалцдагтай холбоотой” гэж хариулдаг юм” хэмээн дурсжээ.

No Comments

Шинэ ном: Мэргэжлээ зөв сонгоход тань (2005 он)

Номын тавиур

Дунд сургуулийн ахлах ангийн сурачдад ирээдүйн мэрэгжлээ сонгоход нь туслах зорилготой зөвлөмж. Клубын гишүүд өөрсдөө мэргэжлийн өнөөгийн байдал, хэтийн төлвийг танилцуулсанаас гадна, мэргэжил сонгохдоо юуг анхаарах, ажил дээр гарсан хойно ямар байдаг зэргийг өөрсдийн биет жишээгээр танилцуулсан.

ОРШИЛ

Дунд сургуулийн боловсролын шувтрагад хүрч, амьдралынхаа чухал сонголт дээр тулж ирээд буй залуус дүү нар минь ээ. Үр хүүхдээ хүний зэрэгтэй хүн болгох гэж өглөөнөөс үдэш хүртэл махран зүтгэж, өдгөө энэхүү шийдвэрлэх зааг ирмэг хүртэл хөтөлж авчраад буй эцэг эхчүүд минь ээ.

Нэг олдох насны баяр баясгалан, тэмцэл зүтгэл багтах, нэг хүний амьдралын намтрын товчоо хуудсаа дэлгэн айсуй. Чухам ямар ажил мэргэжлийн замыг сонгож, ямар зам харгуйгаар аялах билээ? Ямар хөг аялгуугаар эгшиглэж, хувь заяаны пянзаа бичиглэх билээ? Энэ талаар нухацтай бодож, даацтай шийд гаргахгүй бол горьгүй.

Өнгөрсөн жил манай дотоодын их, дээд сургуулиудаас хорин мянга нэг зуун залуу боловсон хүч төгсөн гарч, улс орны хүмүүн нөөцийг зузаатгасан боловч, тэдний дөнгөж гуравны нэг нь ажилтай болсон дүн гарсан байна. Хаа сайгүй хийж бүтээх зүйл их, хүний нөөц шаардлагатай байхад ид шижигнэж хангинасан идэр залуучуудын маань дийлэнх өөрийн байр оршихуйг үл олон төөрч байгаа нь даанч тоогүй. Үйлдвэр техник, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, зам барилга, эрүүлийг хамгаалах, соёл боловсрол, мэдээлэл харилцаа гээд өч төчнөөн салбарт хүн хүч дутагдах атал зөвхөн эдийн засаг, бизнес, хуулийн ухаанаар гэхэд бараг тал хувь нь буюу есөн мянга гурван зуун залуус төгсчээ. Ийнхүү хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт нийлүүлэлтийн зөрөө үүсч байгаа нь манай залуучуудад сургууль мэргэжлээ сонгоход нь хэрэг болохуйц бодитой мэдээлэл, зөвлөмж дутагдан, олны аяыг дагаж хошуурах байдал давамгайлж байгааг харуулж байна.

“Диплом” хэмээх хэлбэр төдий үзэмжний хойноос хөөцөлдөх бус, өөрийн хүсэл сонирхол, зан чанарт нийцсэн мэргэжлээ сонгосноор хүнд сурах чин эрмэлзэл төрөх бөгөөд, цаашдаа эрхэлсэн ажилдаа эзэн болж чадна. Зах зээл улам тогтворжин хөгжиж байгаа энэ нөхцөлд ямар ажил мэргэжилтэйгээс хамаарч биш, тухайн мэргэжлийн салбар дотроо үнэнхүү ялгаран товойж чадах эсэхээс хамаарч хувь хүний амьжиргаа, нийгэмд үнэлэгдэх байр суурь шийдэгдэх болж ирлээ. Юмыг мэднэ, чадна гэдэг сайхан зүйл бөгөөд сайтар мэддэг, гаргууд чаддаг ажлаасаа хүн маш их урам зориг, амьдралын баяр баясгаланг авч хүртэж явдаг билээ.

Тэгвэл мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ? Чухамдаа энэ асуултанд хариу болгож Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг улсуудаас интернэт сүлжээгээр холбогдсон монгол залуусын “ЭМОС” клубынхэн энэхүү бяцхан бүтээлээ өргөн барьж байгаа юм. Бидний дунд инженерчлэл, анагаах ухаан, математик-физик, хэл зүй, эдийн засаг, соёл хүмүүнлэг зэрэг олон янзын салбар, мэргэжлүүдээр доктор, магистрын зэрэг хамгаалсан болон горилон суралцаж буй, мөн одоо ажиллаж буй янз бүрийн залуучууд бий.

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй, сонсож байгаагүй олон сонирхолтой нарийн мэргэжлүүд, эзэмших чиглэлүүд байдаг ба зах зухаас нь та энэ номноос мэдэж авах болно. Тэдгээрээр төгссөн хүн маш цөөн байгаагаас уг ажлуудыг гадны мэргэжилтнүүдээр өндөр үнэтэй хийлгэх, эсвэл дотоодын мэргэжлийн бус хүнээр оромдоглуулахад хүрч байгаад бидний сэтгэл зовсон юм.

“Мэргэжил бүхэн сайхан”. Мэргэжилдээ эзэн нь болцгоож байж л сайн сайхныг нь мэдэрч, насан туршдаа сэтгэл хангалуун байх болно. Харин эзэмшихэд амархан мэргэжил гэж үгүй. Эзэмшсэн шиг эзэмшье гэвэл бүгд л хичээл чармайлт шаардана. Хэдийгээр энэхүү номонд олон чухал ажил мэргэжил багтаж ороогүй байгаа боловч, бид өөсдийн боломж юугаа шавхан байж аль болох өргөн мэдээлэлтэй, олон салбарыг хамарсан ном болгохоор чармайсан билээ. Хэрэв энэ удаагийн хэвлэлтээр уншигч та бүхний таалалд нийцэж, хэрэгцээ шаардлага нь харагдах аваас цаашид цуврал болгон гаргаж дундуураа дүүргэж, дутуугаа нэмж арвижуулж явах болно.

Эрхэм уншигч, мэргэн дүү нар маань мэргэжлээ зөв сонгож, олон чадварлаг, оюунлаг мэргэжилтэн Монгол улсад төрж гарваас энэхүү товхимлыг эмхтгэгч залуусын ойрын зорилго биелж, эх орны минь хөгжлийн гал мандан бадарваас холын хүсэл бүтэх нь тэр ээ.

2005.08.20

No Comments

Бүтээлч хүмүн

Номын хэсгээс

“Өөрийгөө хөгжүүлье!” номын хэсгээс…

Харгана А.Хулан

Би юу хийж чадах хүн бэ? Би бүтээлч хүн мөн үү? Би жүжигчин Сувд, Бавуугийн Лхагвасүрэн, Жамбын Пүрэв, Бямбын Ренчин, Нобелийн шагналтан эрдэмтэд, архитекторч, зохиолч, эдийн засагч, хуульч нартай хийж бүтээх юмсан гэсэн сэтгэлээсээ гадна юугаараа ижил байж чадах бол? Тэдэнтэй дүйцэхүйц хэмжээний үйлс, бүтээл хийх нөөц боломж, чадвар надад байна уу? Бүтээлч үйлээрээ би тэдний адил нэр хүндтэй болж чадах уу?

Гэх мэт асуултууд санаанд нь төрдөг залуус олон биз ээ. Yүнийг жаахан ч гэсэн тайлах юмсан гэж нэртэй эрдэмтэд, инженер, хуульч, зохиолч, улс төрч гээд олон төрлийн бүтээлч хүмүүс, тэдний нийтлэг шинж чанаруудын тухай судалгаануудыг сонирхон уншиж явдаг билээ. Олсон жаахан мэдлэгээсээ уншигчидтайгаа хуваалцюу гэж бодлоо.

Хүний бүтээлч чадавхи олон талын төгс төгөлдөр мэргэшил, эсвэл авъяас чадвараар тодорхойлогддоггүй байна. Жүжгийн зохиолч Жорж Бернард Шоу үсгийн алдаа маш их гаргадаг байж. Бэнжамин Франклин тоондоо их муу, Альберт Эйнштэйн ч бас хэлний хичээлүүддээ тааруу байсан ба нилээн мартамхай гэж хэлэгддэг байж. Бүтээлийн тоо хэмжээ ч хүний хэр бүтээлчийг тодорхойлдоггүй гэнэ. Зарим хүн олон тооны, ижил хэлбэр бүтэцтэй бүтээлүүд туурвидаг бол зарим нь цөөхөн, гэвч бидний амьдралыг өөрчлөхүйц жинтэй бүтээл туурвидаг. Мөн сэтгэн бодох чадвар ч дангаараа бүтээлч эсэхийг тодорхойлдоггүй юм. Өндөр сэтгэн бодох чадвартай боловч бүхэл амьдралынхаа туршид ямар ч бүтээлч зүйл туурвидаггүй хүн маш олон байдаг ба бага IQ-тэй ч он удаан жил бүтээлчээр ажиллаж амьдарч чаддаг хүн мөн олон байдаг байна.

ТЭГВЭЛ ЯМАР ХҮНИЙГ БҮТЭЭЛЧ ГЭХ ВЭ? БҮТЭЭЛЧ ХҮМҮҮС ЯМАР ШИНЖ ЧАНАРУУДТАЙ БАЙДАГ ВЭ?
Харвард Их Сургуулийн сэтгэл судлаач Пэркинс 1981 онд хийсэн судалгаанаасаа бүтээлч хүмүүс дараах зургаан нийтлэг шинж чанарыг агуулсан байдаг ба энэ шинж чанаруудын хоорондын уялдаа холбооноос бүтээлч хүн төрдөг гэж тогтоожээ. Тэрээр бүтээлч хүн бүр энэ зургаан шинж чанарыг агуулсан байдаггүй боловч энэ шинж чанаруудыг их хэмжээгээр агуулсан байх тусмаа тэр хүн илүү бүтээлч байдаг гэж бичжээ. Түүний зургаан шинж чанар гэдэг нь:

1. Залхуугүй зан чанар
Залхуугүй зан нь ээдрээтэй олон талт асуудал, тодорхойгүй байдал болон хоорондоо зөрчилдөөнтэй мэдээллийг хүлээн авч боловсруулах, дүгнэх, шийдвэр гаргах чадвартай нягт холбоотой. Бүтээлч хүн ийм ярвигтай асуудлуудад хүлээцтэй, нээлттэйгээр ханддаг ба иймэрхүү асуудлыг харин ч дотроо уриалан дуудлага авсан мэт хүлээн авдаг гэнэ. Тэд ямар нэгэн асуудалд анализ хийж, хамгийн гол цэгийг нь олж тогтоох дуртай бөгөөд өөрсдийнхөө амьдралын утга учрыг ч олж тогтоох, хүрээлэн буй юмсын уялдаа холбоог олох, тэдгээрийг ойлгомжтой болгон хялбарчлах хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг. Ийм ч учраас тэд олон талын мэдээлэлтэй харьцан, бүрхэг зорилготой ч болов ажиллаж, шинэ санаа, шийдвэр олж, өөрчлөлт хийхийн төлөө тэмцэхдээ дуртай байдаг.

2. Асуудлыг зөвөөр тодорхойлох чадвар
Гоц бүтээлч хүмүүс юуны өмнө асуудлыг зөвөөр тодорхойлоход жирийн хүмүүсээс хавьгүй илүү цаг зарцуулдаг болохыг сэтгэл судлаачид тогтоожээ. Асуудлын голыг олж тодотгож, юу мэдэх гээд байгаагаа зөв тодорхойлох нь маш чухал. Тухайлбал тооны бодлогын яг асуугаад байгаа зүйл болон өгөгдлүүдийг нь сайн ойлгох, тэдгээр нь хоорондоо авцалдаатай байгаа эсэх зэргийг бодлогоо бодож эхлэхээсээ өмнө сайн эргэцүүлж ажиглана гэсэн үг юм. Энэ алхамын дараа л асуудлынхаа олон янзын шийдлүүдийг хайж эхэлдэг байна. Зөв асуултыг гаргаж тавьснаар бид бүтээлч хариултууд, шинэ нээлтүүд хийж чадна. Харин асуултаа буруу тавибал хариугаа хэзээ ч олохгүй.

3. Уян хатан сэтгэлгээ
Бүтээлч хүн урьдах асуудлаа олон талаас нь харж чаддаг бөгөөд зөвхөн өөрийн үзэл бодлоос гадна бусдын дэвшүүлсэн саналыг ч нээлттэйгээр хүлээн авч нухацтайгаар бодож чаддаг. Тэрээр нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтуудын үнэн эсэхийг шалгах дуртай. Энэ чадвар нь тогтсон хэв маяг, горим журманд шүүмжлэлтэйгээр хандахад хэрэг болдог байна.

4. Азаа сорих зориг
Ямарваа нэг зүйл хийж байгаа хүн бүтэлгүйтэх, эсвэл шийдлийг амжилттай олох хоёрын хоорондох зааг дээр л ихэнхдээ ажиллаж байдаг. Бүтэлгүйтэлд хэн ч дургүй боловч, бүтээлч хандлагаар бол үүнийг өөрийнхөө зорилгод хүрэх замын нэгээхэн хэсэг гэж хүлээж авна. Өөрсдийн бүтээлч чадавхиа эцсийн дуслыг нь хүртэл шавхан ажиллаж, азаа сорьсноор бид үр дүнд хүрэх магадлалаа өсгөнө. “Долоо дордож найм сэхнэ” ч гэдэг. Бүтээлч хүн шинэ талбарт гарч, шинэ бололцоог нээх эрмэлзэлдээ хөтлөгдөн азаа сорьдог байна. Бүтэлгүйтэхээс эмээгээд суугаад байвал бид хэзээ ч мөрөөдөлдөө хүрч, хүссэн зүйлээ хийж чадахгүй шүү дээ.

5. Асуудалд бодитойгоор хандах чадвар

Хэрэв бүтээлч хүн маань асуудалд бодитойгоор хандаж чадахгүй бол түүний бүтээлч эсвэл шизотой эсэх нь ялгагдахгүй байх болов уу. Бодитойгоор хандах гэдэг нь зөвхөн өөрийнхөө л бодлыг ургуулан хөгжүүлээд явахаас гадна бусдын зөвлөгөө, шүүмжлэл, санааг сонсч байхыг хэлнэ. Бүтээлч хүн гэдэг зарим хүний боддог шиг орь ганцаардмал хүн биш юм. Тэдэнд бусдын учир шалтгаант шүүмжлэл, санаа оноо хэрэгтэй байдаг. Ингэж асуудалд обьектив буюу бодитойгоор хандсанаар ямар ч шүүмжлэл, хариу авч сайжруулаагүй бүтээлээс хавьгүй боловсронгуй бүтээл гарч ирнэ.

6. Хүсэл эрмэлзэл, бат итгэл, өөрийгөө цэнэглэх чадвар
Пэркинсийн энэ зургаа дахь шинж бол олон судлаачдын үздэгээр хамгийн чухал шинж чанар юм. Бидний хийж буй зүйлд зөвхөн гадны зорилго болох мөнгөн үнэлэмж, цалин, эсвэл одон медалиас гадна уг зүйлийг хийх өөрийн дотоод тэмүүлэл, авч буй таашаал байх хэрэгтэй. Альберт Эйнштэйн нэгэн найздаа “Миний өдөр тутмын тэмцэл, хүчин чармайлт ямар нэгэн зорилго эсвэл мөрийн хөтөлбөрөөс үүсэн гардаггүй, харин өөрийн минь шууд хэрэгцээнээс үүдэн гардаг” гэж хэлсэн байдаг. Энэ нь уг хүнд өөрийн бодсон зүйлээ хийхгүй суух тэвчээр хүрэхгүй, бүтээлч чадавхиа шавхан хийх сэтгэлийн хүч дотроос нь оргилон гарч ирдэгийг хэлж байна гэж би ойлгож байна. Хийж бүтээх өөрийн дотоод хэрэгцээ, бат итгэлгүйгээр, зөвхөн гадны ямар нэгэн шагнал урамшууллаар хүн хүчээр нэг хэсэгтээ бүтээлчээр ажиллах боловч ийм байдал удаан үргэлжилбэл тэр хүний бүтээлч чадавхи хатаж үгүй болно.

ХАРИН СУДЛААЧ ВАНГАНДИЙН СУДАЛСНААР бол бүтээлч хүмүүс сониуч зан, бие даасан байдал, өөртөө итгэх итгэл, уян хатан боловч шургуу цөхрөлтгүй зан чанартай байдгаас гадна ямар ч асуудалд, ялангуяа тодорхойгүй асуудлуудад хүлээцтэй няхуур хандах буюу яаравчлан өрөөсгөл дүгнэлт хийхээс зайлсхийх чанар, шинэ зүйл, өөрчлөлтийг хүлээн авах чадвартай, таамаглалууд болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зүйлүүдийг шалгаж үзэх дуртай, юмны хөгжилтэй, хошин талыг олж харах чадвартай байдаг гэнэ. Yүнээс гадна тэрээр дараах нийтлэг шинж чанаруудыг авч үзэж тайлбарласан байдаг:

Анхаарлаа төвлөрүүлэх чадвар болон өөрийгөө мэдрэх мэдрэмж

Сэтгэлийн хөдлөлд автах үе хэн бүхэнд тохиолддог боловч бүтээлч хандлагаар бол тухайн эерэг болон эсрэг хариу мэдрэмж нь өөрийн сэтгэлийн хөдлөл төдий эсэхийг танин мэдэхийг оролддог. Yүнээс гадна ярвигтай бодлого бодож, бүтээл урлаж, шийдвэр гаргаж буй хэнд ч удаан хугацаагаар анхаарлаа төвлөрүүлэх чадвар шаардагддаг. Ихэнх бүтээлч хүмүүсийн хувьд өөрсдийнхөө хийж байгаа зүйлд дуртай, түүнийг сэтгэлээсээ хийдэг учир анхаарлаа төвлөрүүлэх нь нэг их том асуудал биш болж хувирдаг байна. Тэд хэзээ анхаарлаа сарниулахаа ч бас мэддэг байна. Хамаг тархи оюун, нөөц бололцоогоо шавхан ажиллаж, яавч урагшлахгүй болсноо мэдэрсэн үед өөр зүйл хийх замаар амарч, дараа сэдэв рүүгээ эргэж орох шинэ эрч хүчийг хуримтлуулах нь зөв юм.

Дайчин зан ба сахилга бат (Discipline)

Асуудалд хүлээцтэй хандах хэрэгтэй ч, үргэлж өөртөө эргэлзээд суувал гараас юу ч гарахгүй. Бодлын гинжээ хэзээ зүсэн гарч, зөн совиндоо хөтлөгдөн урагш алхахаа мэдэх хэрэгтэй. Үүнийг дээр дурдсан аз сорихтой ч холбон тайлбарлаж болно.

Харин сахилга бат гэдгээр бусдын захиргаа, тогтсон зааврын дор дуулгавартай номхон байхыг бус, өөрийгөө захирах сэтгэлийн хатуужлаар өөртөө зарчимч байхыг хэлж байна. Чиг шугамаасаа хазайхгүй байх, эхлүүлсэн үйлсээ дуустал нь үргэлжлүүлэх, өөртөө бууж өгөхгүй байх зэрэг.

Элдэв шинэ санаагаар тоглох, төсөөллөө ашиглах чадвар

Амарч байх үед ч юмуу, өөр юм хийж байх үед уураг тархины аль нэгэн хэсэгт гол асуудал, хийж буй ажил үргэлжлэн бодогдож, шинэ сонин холбоос, шинэ санааг байнга тандан байхыг тоглох гэдгээр илэрхийлж байгаа юм. Мөрөөдөл, ургуулан бодох төсөөллийг жаахан хүүхдийн ажил мэтээр үзэх хүн байдаг. Гэвч үнэндээ асуудлыг дотроо тод төсөөлж чадвал үр дүнгүй удаан цагаар задлан шинжилж бодсоноос хавьгүй хурднаар хариултаа олох нь буй. Сэтгэлдээ төсөөлж чадвал түүндээ хүрч бид чадна.
ТЭГВЭЛ БҮТЭЭЛЧ ХҮНД СААД БОЛОГЧ, БҮТЭЭЛЧ ЧАДАВХИЙГ БУУРУУЛАГЧ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД ЮУ ВЭ?
Тэрэза Амабил болон Лэс Жоунз нарын сэтгэл судлаачдынхаар бол дараах зүйлүүд бүтээлч чадавхид саад учруулах аюултай аж. Yүнд:

1. Бусдаар дүгнүүлэх болон сайшаал урамшууллууд
Эргэн тойрныхондоо, дарга цэрэгтээ юу гэж дүгнэгдэх бол гэж байнгын дарамтанд байдаг хүн бүтээлч үр дүнгийн хувьд тэгж дүгнүүлэх шаардлагагүй хүнээс муу байдаг. Шүүмжлэл, сайшаалын аль нь ч байсан түүнээс үүдэх гадны нөлөөллөөс болоод хийж байгаа зүйлээсээ авах дотоод таашаал багасдагтай холбоотой. Асуудалд бодитой хандах үүднээс бусдын шүүмжлэл, санаа оноог сонсох нь зөв боловч үргэлж дүгнэгдэх буюу дүн авч сурах нь яваандаа хүнийг хийж байгаа зүйлийнхээ төлөө бус, дүнгийн төлөө ажиллахад хүргэдэг байна.

Харин урамшууллын тухайд яривал жаахан ярвигтай. Цалин нэмэгдэх, бонус авах зэрэг урамшууллын хэлбэр нь зарим үед сайн нөлөөтэй байдаг ч, хэтрээд ирвэл хүнийг зөвхөн урамшууллын төлөө ажиллах болгож, бүтээлч идэвхийг бууруулдаг. Гадны нөлөө ихсэх тусам хүн хүсэл эрмэлзэл, дотоод хүчээ мэдрэхээ байж, бүтээлч ажиллагаа нь уналтад ордог байна.

Үүнийг оюутан сурагчдын амьдрал дээр ч хэлж болно. Улирлын дүн л онц байвал боллоо, хүрч болох хамгийн дээд цэг тэр гэж сэтгэл ханах хүн их байдаг. Түүгээр ч зогсохгүй тэр онц дүнгээ сурч буй материалаа бүрэн гүйцэд мэдэж авч бус, харин багшийнхаа хувь хүнд, түүний дүн тавьдаг уламжлалд тааруулж байгаад хөнгөн аргаар авсан байх жишээтэй. Онцоо авчихвал ямар аргаар авсан нь хамаагүй өөрийгөө зөв юм хийж байна, их юм сурч байна гэж боддог. Гэтэл тэгж дүнгийн төлөө бус, үнэхээр тэр хичээлийг сонирхоод хийсэн бол ямаршуухан бүтээлч зүйл гараас нь гарах байсан бол. Үүнд дүнг чухалчилдаг багш нарт ч, сургалтын системд ч, мөн сурлагын ба дипломын дүнг чухалд тооцдог нийгэмд ч буруу бий.

2. Хэн нэгний хараан дор байх
Дарга үргэлж хажууд байж, үйлдэл болгоныг хянаж байхын хэцүүг хүмүүс мэднэ. Хэн нэгний байнгын хараан дор ажиллах нь хүнд сэтгэлийн дарамт, түгшүүр төрүүлэх ба ингэж ажиллах нь байнгын хараан дор ажилладаггүй юмуу, ажиллаж байсан ч үүнийгээ мэддэггүй хүнээс бүтээлч ажиллагааны хувьд сул дорой байдаг байна. Yргэлж хянуулснаар бидний бүтээлийн тоон хэмжээ ихэсч болох боловч бүтээлч чадавхи, шинэ санаа буурдаг. Энэ нь завгүй ажиллахаас илүү завгүй харагдах нь чухал болж хувирдагтай холбоотой болов уу.

3. Хэт өрсөлдөөн
Чөлөөт өрсөлдөөнд бид дуртай. Гэвч хэмжээ нь хэтэрсэн шунаг өрсөлдөөн нь хүний анхаарлыг гол зорилгоос нь хазайлгаж, бодлыг хиртүүлдэг. Өрсөлдөөнд уначихгүй юмсан гэсэндээ хүн өөрийн хийж буй зүйлээсээ илүү хүний хийж байгаа зүйлийг харах, түүнтэй өөрийгөө харьцуулахад цагаа зарцуулах ба нөгөө дотоод хүсэл эрмэлзэл, асч байсан гал нь хоёрдугаарт тавигдаж эхэлнэ.

4. Сонголт цөөтэй байх
Ажлаа хийх, өгөгдсөн даалгаврыг биелүүлэх арга хувилбарууд олонтой байж, тэдгээр хувилбаруудаас чөлөөтэй сонгох боломжтой байх тусам бүтээлч идэвх өрнөдөг байна.

5. Явцуу сэтгэлгээ болон гөжүүд үзэл баримтлал
Явцуу сэтгэлгээ гэдэг нь төсөөлөн бодох ухаанаа өөрөө хаах, тодорхойгүй байдалд орохоос айх болон тогтвортой байдлыг хэт эрхэмлэх, зан чанар, үзэл баримтлалаасаа салж чадахгүй байх, хүнийг сонсохоос дургүйцэх болон өөртөө хэт итгэлтэй байх зэрэг юм. Yүнээс гадна өдийг хүртэл хийж ирсэн арга барилдаа хэт их ач холбогдол өгөх юмуу “цагаан эсвэл хар”, “муу эсвэл сайн” гэх мэт туйлширсан үзэл бодолд баригдах нь шинэ хуучин санаануудын хоорондын холбоог олж харах, шинэ зүйлийг дэвшүүлж, түүнийг хэрэгжүүлэхэд садаа болно.

6. Өөртөө итгэлгүй байх, өөрийгөө голох
Маш олон хүн гараасаа төгс төгөлдөр юм гаргах гэж хамаг хүч цагаа баран, өөрийгөө голж суудаг. Уг нь өөртөө хатуу хандана, өөрийгөө илүү сайн, илүү ихийг мэддэг, зөв хүн болгох гэж оролдоно гэдэг сайны шинж бөгөөд тэр хүнд бүтээлч чанар байна гэсэн үг. Илүү ихийн төлөө чармайж, өөрийгөө голсноор чанартай сайн бүтээл гарна. Гэвч энэ зан хэтэрч хийсэн болгон сэтгэлд нь хүрэхгүй өөрийгөө голоод эхэлвэл бүтээлч хүний маань гараас юу ч гарахаа болино. Өрөөлд тустай зүйл хийхгүйгээс гадна өөртөө итгэлгүй болж, бүтээсэн зүйлгүй боловч тайван сууж буй хүнд ч атаархмаар хэцүү байдалд орох билээ.
Бидний хэнд ч гэсэн ихийг сурч ухаанаа тэлэх, өөрийгөө хөгжүүлэхээс авахуулаад ээж аавыгаа өргөн тэтгэх, улс орноо хөгжүүлж сайхан амьдралыг цогцлон бий болгох хүсэл зориг хадгалаатай байгаа. Түүний тулд баримтлууштай гол зарчим бол төгс дээд байх бус, харин сэтгэл оюунаа шавхан, өөрийнхөө чадах чинээгээр хөдөлмөрлөх явдал юм. Та бүхэн эндээс ямар нэгэн хэмжээгээр өөрсдийгөө дүгнэх боломжтой болж, мөн өөрийгөө яаж илүү үр бүтээлч хүн болгох, ямар бодолтой байж, яаж ажиллах талаар жаахан ч гэсэн санаа авсан байх хэмээн найдаж байна.

2004 он 1 сар 12 өдөр

No Comments

Нитобэ Иназоо

Номын хэсгээс

“Өөрийгөө хөгжүүлье!” номын хэсгээс

Эрин М. Тулгат

Япон орны тєрvvлсэн агуу космополит хvмvvн, эрдэмтэн соён гэгээрvvлэгч Нитобэ Иназоог та бvхэнд танилцуулж байна. Yндэстнvvдийн Холбооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, ЮНЕСКО-гийн эх суурийг тавигч, хєдєє аж ахуй, хуулийн ухааны доктор профессор, улс нийгмийн зvтгэлтэн энэ хvний дvр єдгєє Японы таван мянгатын мєнгєн тэмдэгт дээр байраа эзэлсэн байдаг. Уг дэвсгэрт дээр Номхон далайг голлосон бємбєрцєг зураглаатай байдаг нь анх тvvний Америк руу сурахаар явахдаа “Номхон далайн гvvр болохыг хvснэ” гэж хэлсэнтэй нь холбоотой гэнэ. Харин энэ хvн зєвхєн Америк, Япон хоёрыг холбох гvvр болоод зогссонгvй, дэлхийн улс тvмнийг холбох, цаашилбал хvмvvс хоорондын зvрх сэтгэлийг холбох гvvр болсон юм. Хорвоогийн эрээн бараанд хєл алдаж тvvртсэн эгэл олны амьдралд гэрэл гэгээ авчрах, зєв замыг нь зааж єгєх сургаалиа хайрлан, нийгмийн гэгээрэл боловсролын тєлєє нас биеэ зориулсан хvн билээ. Нитобэ Иназоо 1862 онд Намбv хошууны самурайн гэр бvлд тєржээ. Эдо эринд самурай нар нь цэргийн хvн гэхээс илvv хошууны vнэнч албан хаагчид, “тєрийн хар хvмvvс” болоод байсан бєгєєд ер нь шинэ Япон орныг vндэслэсэн зоригт хєвгvvдийн ихэнх нь самурайн гэр бvлээс гаралтай байдаг нь санамсаргvй хэрэг биш юм. Самурайн хэмээх ёс суртахууны чанд горим, овгийнхоо нэр хvндийг хадгалах vvрэг, эрдэм номонд тайлагдсан байдал зэрэг нь тэднийг ийнхvv тvvхэн vvргийг гvйцэтгэх даац бvхий эрчvvд болон тєлєвшихєд нєлєєлсєн гэж хэлж болно. 10 настайдаа эрдэм сурахаар Тоокёог зорьсон тvvнд эх нь “Муу vйл хийв, муу vйл хийв. Єєрийн болоод гэр бvлийн нэрийг гутаавзай. Зєвхєн сайн vйлээр нэр олж, их хvн болохыг хичээ” гэж захин хоцорчээ. Сургуульд байхдаа ээжийнхээ захиасыг санан, муу vйлээс хол явж, хичээл номонд бvх хvчээ дайчлав. Номонд дуртай байсан тэр сургуулийнхаа номын сангийн бvх номыг уншсан гэдэг. Саппоро Хєдєє Аж Ахуйн Сургууль, Тоокёо Их Сургуулийг дамжсан тэрээр улам ихийг сурах хvсэлдээ хєтлєгдєн Америк явахаар сэтгэл шулууджээ. Ярилцлага шалгалтан дээр “Манай орон ба барууны орнуудын хоорондох харилцаа жинхэнэ утгаараа биелэлээ олоогvй байна. Барууны соёл иргэншил манай оронд улам бvр хvчтэй нэвтрэн орж байгаа ч, манай орны євєрмєц соёлыг тэдгээр улс ойлгож мэдэхэд єдий байна. Аль алиныхаа онцлог соёл, сайн талыг мэдэлцэх нь чухал. Би эх орноо гадаадад сурталчилж, гадны соёлыг эх орондоо нэвтрvvлэх гvvр болохыг хvснэ” гэж ярьсан байдаг. Дээр єгvvлсэн “Номхон далайн гvvр болмуй” хэмээсэн нь энэ билээ. Тухайн vед баруунд сурахаар далайн чандыг зорихыг япончууд “далай гэтлэх” гэдэг байсан ба энэ нь одоогийн онгоцонд суугаад хэдхэн цагийн дотор нисч очихоос ялгаатай, маш их хариуцлага, эргэлт буцалтгvй шийдвэрийг агуулдаг vг байж. Шинэ Япон орны тєлєєлєгч тэдэнд эргэх шантрах зам байсангvй. Бvтэлгvйтэл бол уучлагдашгvй. Америкт очоод тэргvvний сургуулиудын нэг болох Жонз-Хопкинз коллежид эдийн засаг, тvvх, хєдєє аж ахуйнчиглэлvvдийг сонгон суралцав. Эх орноо сурталчлахыг нэгэн зорилгоо болгож ирсэн залуу Нитобэ энд тэнд танилцуулга яриа хийж явдаг байжээ. Ийнхvv яриа хийх явцад туршлагажиж, ирээдvйд олон улсын хурал чуулган дээр хэдэн мянган хvний ємнє ноорог харахгvйгээр уран яруу илтгэх чадварыг єєртєє суулгаж чадсан байна. Мєн ингэж явахдаа ирээдvйн хань болох америк бvсгvй Мэри Элкинтонтой танилцжээ. 1887 оноос гурван жил Германд суралцаж докторын зэрэгтэй тєгсєєд, Америкт хvлээн байсан сvйт бvсгvй Мэритэйгээ гэрлэжээ. Сургууль тєгссєн Нитобэ гэргийгээ дагуулан нутагтаа харьж, Саппоро Хєдєє Аж Ахуйн Сургуульд багшлав. Гадаад хэлнээс авахуулаад тvvх, уран зохиол, хєдєє аж ахуй, эдийн засгийн бодлого гээд заадаггvй хичээл байсангvй. Тvvний багшлах ур чадварын тухай Тоокёод хvртэл цуурайтан, оюутнууд тvvний дор суралцахаар газрын холыг зорин ирдэг байжээ. Хоккаидоод багшилж байх vедээ Америк, Германы сургалтын аргуудаас оруулж, “семинар” хэлбэрийн хичээлийг Японд анх нэвтрvvлжээ. Боловсролын байгууллага цєєтэй Саппород хувийн дунд сургууль байгуулахад гар бие оролцсон ба эхний vед тvvний захирлаар ажиллажээ. Мэдлэг олгох боловсролыг бус, тєлєвшил олгох боловсролыг чухалчлан, юмыг єєрийнхєєрєє дvгнэх, ажил хэрэгжvvлэх чадвар бvхий арвислаг хvмvvсийг бэлдэхэд голлон анхаарав. Мєн гэргий Мэригийнх нь нэр дээр Америкаас євлєгдєж ирсэн єв хєрєнгєн дээр тулгуурлаж ажилчин залуучуудад зориулсан оройн сургууль нээжээ. Энэ сургуулийн сурагчид нь тариачин, хvн тэрэгчин, гуталчин, vйлдвэрийн ажилчин, сувилагч гээд янз бvрийн ажил мэргэжлийн янз бvрийн насны хvмvvс байлаа. Нэг сурагч нь дурсамждаа “Аавыг маань єнгєрснєєс хойш манай гэр хоосорч, би сургуульд явж чадаагvй юм. Харин энэ сургуульд орсноор vзэг барихаас авахуулаад англи vсэг цээжлэх хvртэл маш их зvйлийг сурсан. Ажил маань єглєєний 6 цагаас оройн 8 цаг хvртэл, дундаа маш бага амралттай байсан болохоор хичээлээ давтах цаг ер олддоггvй, тvvнээсээ болоод тооны гэх мэт хичээлээ ойлгохгvй хэцvvддэг байлаа. Гэхдээ л сургуульдаа явах нь миний хамаг баяр баясгалан байж, vйлдвэрээсээ сургууль хvртлээ дандаа гvйж очдог байсан юм. Єдий наслахдаа дутагдаж гачигдалгvй, хvний зэрэгтэй сайхан амьдарч чадсан маань энэ л сургуулийн ач буян” гэж хуучилж байна. 1900 онд Нитобэ доктор “Бушидо – Японы охь сэтгэл” (BUSHIDO-The Soul of Japan) номоо бичиж гаргав. Энэ ном нь япон хvний зvрх сэтгэлийн тухай баруунд, улмаар дэлхийд анхлан таниулсан ном бєгєєд “бушидо” гэдэг нь “самурайн ёс жаяг” гэсэн утга бvхий япон vг юм. Нитобэ доктор энэ номоо тєрєлх хэл дээрээ биш, зориуд англи хэл дээр бичсэн бєгєєд, япон хvнийг таниулахын тулд япон хvний нvдээр, япон ойлголтоор бус, шууд барууны єєрсдийнх нь ойлголт, ертєнцийг vзэх vзлийг дэвсгэр болгон, тvvн дээр харьцуулалт хийн бичсэн байна. Ингэхдээ Библиэс бол мэдээж хэрэг, Грек-Ромын домог vлгэрvvд, эртний Хятад, Японы сонгодог бvтээлvvд, мєн Шекспирээс авахуулаад Европ, Америкийн уран зохиол, гvн ухаан, vзэл санаанаас иш татан оруулсан ба нийт иш татсан хvний тоо нь 150 давжээ. Тєдий чинээ тvvний мэдлэгийн гvн гvнзгий, даяарлаг сэтгэлгээний цар хvрээг харуулсан бvтээл болжээ. Энэ ном нь хэвлэгдсэнээсээ хойш хэдхэн жилийн дотор дэлхий дахины анхаарлыг татсан байна. Тэр vед Америкийн ерєнхийлєгч байсан Теодор Рузьвелт энэ номноос хэдэн арвыг єєртєє худалдан авсан ба цэргийн болон тєрийн албан хаагчдын сургуулиудад уншихыг тусгайлан даалгаж байжээ. Ингэж нэрд гарах болсны нэг шалтгаан нь 1904-05 оны Орос-Японы дайнд “дорны бvдvvлэг орон” болох Япон ялж, барууныхныг цочирдуулсан явдал байсан гэж vздэг юм байна. 1901 оноос тэрээр Тайваньд колонийн бодлого хэрэгжvvлэгчээр (тухайн vед Тайван нь Японы колони байсан) очиж, Тайваний хєдєє аж ахуйн vр ашгийг дээшлvvлэх маршал тєлєвлєгєєг боловсруулан ажиллав. Очсон эхний жилд нь нийт нутгийн хэмжээгээр 3,4 тонн элсэн чихэр vйлдвэрлэж байсан Тайвань, дараа жилд нь 5,4 тонныг, 8 жилийн дараа гэхэд бvр 120 000 тонныг vйлдвэрлэх болжээ! 35 мянга дахин єснє гэдэг бол санаанд багтамгvй амжилт юм. Элсэн чихрийн vйлдвэрлэл нь Тайваний эдийн засгийн vндсэн салбар болтлоо єргєжиж, цаашид аж vйлдвэрийн салбар хєл дээрээ босох капиталын гол эх vvсвэр болжээ. Нутагтаа буцаж ирсний дараа тэрээр Кёото Их Сургуульд хэсэг багшилсны дараагаар хуучны Нэгдvгээр Дунд Сургуульд захирлаар ажиллав. Хуучны Нэгдvгээр Дунд Сургууль нь Японы тєр нийгмийн удирдагчдыг тєрvvлж гаргадаг шилмэл сургууль байсан учир сурагчид дотор биеэ тоох, єєрийнхєє vзэл бодлыг vнэмлэхvй зєвд тооцох хандлага ажиглагддаг байжээ. Харин Нитобэ доктор захирал хийх хугацаандаа энэ сургуулийг бvрэн єєрчилсєн гэдэг. Нитобэг очихоос ємнє сурагчид нь ард тvмэн бол мунхаг харанхуй, бид тэднээс ангид тєрєлтєн гэсэн ард тvмнээсээ бvрэн салсан vзэлтэй байв. Тэд єєрсдийгєє эзэн хааны тєлєє, тєрийн тєлєє ажиллах “тусгай хvмvvст” тооцож байжээ. Нитобэ доктор тэдний энэ байдлыг засахад анхаарч, удирдагч хvн бол ард тvмний тєлєє ажилладаг хvн байх ёстой, ард тvмэн байж байж удирдагч байдаг гэдгийг ойлгуулах талаар ихээхэн чармайлт гаргаж ажилласан байна. Сургуулийн дэргэд амьдран, хvvхдvvдийг гэртээ байнга хvлээн авч нийгэм, дэлхий дахины асуудлаар ярилцдаг байв. “Хэзээ нэгэн цагт улсын удирдагчид болох тэд зєвхєн Япон дотроо бодож сэтгэж болохгvй. Улсаа тєлєєлж олон улсын нийгэмлэгт очих vеийг тєсєєлж бодох хэрэгтэй. Явцуу vзэл бодлоор бол улс орноо гадаадад буруугаар ойлгуулаад зогсохгvй ихээхэн хор уршиг авчрах нь дамжиггvй” гэж тэр хэлж байлаа. Харин тvvний vзэл сургаалийг тусган авсан шавь нар нь дайны дараа ардчилсан шинэ Япон орныг байгуулах нийгэм улс тєрийн зvтгэлтнvvд болон тєлєвшсєн ба тэдний дотор улс тєрчид, засаглагчид, эрдэмтэд, сэтгvvлчид, зохиолчид гээд тvvхэнд нэрээ vлдээсэн олон хvмvvс тєрєн гарсан юм. Ажлынхаа хажуугаар Нитобэ сэтгvvлvvдэд боловсрол хvмvvжлийн чанартай єгvvллvvд бичиж, энгийн ард олны дунд нэр алдар нь тvгэв. Хvний мєс чанарыг хамгаас илvv дээдлэн, єнгє мєнгєнд хуурталгvй ямар ч vед жинхэнэ хvний ёсоор явж нэг насыг туулахыг сургаж байжээ. Гэтэл сайны хажуугаар тvvнийг элдвээр хэлэх явдал бас нэлээд гарч байв. Тухайн vед Японы эрдэмтэд зєвхєн єєрийнхєє эрдмийн ажилд биеэ зориулж, эрдэм шинжилгээний сэтгvvлээс єєр газар нийтлэл бичихийг цээрлэдэг байжээ. Ийм заншлаас vvдээд тvvнийг “эрдэмтний шинжгvй”, “зэрэглэл доогуур” гэх зэргээр шvvмжлэх явдал гарч байв. Энэ тухайд Нитобэ “мухар тосгонд суугаа жаал охин, хотын гудамжнаа хєл алдан яваа єсвєр залуу, нэг, хоёр, арав, хэдэн арван хvн миний бичсэнийг уншиж итгэл алдсан сэтгэлээ анагааж, гэмт амьдралаа орхисон тухайгаа, урьдын нvглээ гэмшсэн зvрхний угаас надад захидал бичиж ирvvлдэг юм. Зарим нэгний хэл ам намайг єчvvхэн ч євтгєж чадахгvй” гэж хэлж байжээ. Мєн ажлын шугамаар Америк Япон хоёрын хооронд их зорчдог байсан тvvнийг сонингууд элдвээр хэлэх нь ч байв. “Ажлаа хаячихаад гадаадад зугаалж явав” гэх мэтээр дайрцгаана. Харин Нитобэ хэзээ ч єєрийгєє хамгаалдаггvй байж. “Намайг буруугаар ойлгосон хvмvvс єєрсдєє л учраа олбол олог, надад єєрийгєє хамгаалж тайлбар тавих шаардлага байхгvй” гэдэг байлаа. “Yг хэлээр бус, vйл хєдлєлєєр єєрийгєє таниул” гэж тэрээр сургасан байдаг. “Амарч зугаалахаар” явсан Нитобэ Америкт юу хийдэг байв? Тэр vед Америкт цагаач япончуудын эсрэг хєдєлгєєн газар аваад байсан учир єєрийн орны талаар vнэн зєв ойлголт єгєхийн тєлєє цаг наргvй ажиллан, уг хугацаандаа 160 гаруй газар илтгэл яриа хийж явсан байх юм. Дэлхийн 1-р дайн дууссан дараагийн жил буюу 1919 оны 1 сард Парис хотноо хуралдсан Дэлхийн Энх Тайвны Чуулга Уулзалт дээр тухайн vеийн АНУ-ын ерєнхийлєгч В.Вильсон “Yндэстнvvдийн Холбоо” байгуулахыг санал болгов. Тэр жилдээ байгуулагдсан уг байгууллагын 2-р нарийн бичгийн даргаар Нитобэ Иназоо сонгогджээ. Тvvний англи хэлний чадвар нь унаган Англи, Америк хvнээс ялгагдах юмгvй, Герман ба Франц хэлийг мєн адил нэлээн сайн эзэмшсэн байсан ба дэлхийн энх тайван, хvн тєрєлхтний сайн сайхны тєлєє ямар ч олон улсын индэр дээрээс уран яруу илтгэж чаддаг байлаа. Гэхдээ хэлтэй л бол хvмvvсийг уяраагаад байж чадна гэсэн vг биш юм. Асар єргєн мэдлэгтэй, олон орны соёл, хvмvvсийн суурь vзэл зарчмуудыг ойлгож мэдэрсэн цагт л тэгж хvмvvсийн зvрх сэтгэлийг татах яриа хийж чадна. Тэнд байхдаа Япон орноо сурталчлахын тулд Женев хотын захад хувийнхаа зардлаар vзмэрийн байшин нээжээ. Японоос тєрєл бvрийн ахуйн хэрэглэл, уран зураг, ном судруудыг авчран дэлгэн тавьж, гадныханд соёлоо сурталчилдаг байлаа. Тvvний Женевт байхдаа vлдээсэн хамгийн том хувь нэмэр нь хожмын ЮНЕСКО болох “Соёл Боловсролын Хамтын Ажиллагааны Зєвлєл”-ийг байгуулсан явдал гэдэг. “Олон улсад энх тайвныг тогтоохын тулд эхлээд улс улсын ард иргэд харилцан бие биенээ ойлгож, бие биенээ хvндэлдэг болох шаардлагатай” гэж vзэж байсан ба жинхэнэ энх тайван нь эрдэм боловсрол ба урлаг соёлын солилцоогоор биелэлээ олно гэж vзсэн учир энэхvv байгууллагыг байгуулжээ. Уг зєвлєлд Францын гvн ухаантан Бергсон, Германы эрдэмтэн Эйнштэйн, Английн тvvх судлаач Гилберт, Польш гаралтай физикч хадагтай Кюри гээд 20-р зууны суут ухаантнууд багтсан байсан ба Нитобэ доктор єєрєє зєвлєлєє даргалж байлаа. Үндэстнvvдийн Холбоонд долоон жил ажиллахдаа “Женевийн од” хэмээгдэн алдаршиж, энэ байгууллагад тvvнээс илvv хvн байхгvй гэж хvртэл vнэлэгдэж байжээ. Гэвч цагийн байдал тvvний ажиллаж тэмцэж ирсний эсрэг улам бvр дордсоор байлаа. Дотоод, гадаадад Нитобэгийн хvсэмжлэн байсан энх тайван, ардчилал, либерализм бус милитаризм, фашизмын диктатур улам бvр хvчээ авах болов. Дотоодод баруун жигvvртнvvд, милитаристууд зонхилох болж, Японы гадаад бодлого нь олон улсад улам бvр зожгирмол шинжтэй болж ирсэнд Нитобэ туйлаас эмзэглэж байлаа. Тэрээр космополит хvн байсны хажуугаар хэнээс ч илvv эх оронч хvн байсан юм. Эх оронд нь ардчилал, либерализм хэрэгтэй байлаа. “Ардчилал бол зєвхєн улс тєрийн vзэгдэл биш бєгєєд, хууль дvрэм, хэлбэр тєдий тогтолцоогоор амилдаг зvйл биш. Ардчиллын уг vндэс нь хvн бvр харилцан бие биеэ хvндэтгэх тийм ёс горимд оршино” гэж тэр vзэж байв. Эрх чєлєє, либерализмыг хамгийн чухал зvйлд тооцож “Эрх чєлєє гэдэг бол зєв бурууг ялган харах чадвартай машид боловсорсон хувь хvний зєв сэтгэл дээр тулгуурлагдах ухагдахуун юм” гэж vзэж байжээ. Харин тvvнийг дотоодод Англи-Америк талын хvн гэж хардан, vйл хєдлєлийг нь хянаж тагнах болжээ. Нєгєєтэйгvvр Америкт япон иргэдийн эсрэг хєдєлгєєн улам ширvvсч, удалгvй Калифорнид япон хvний газар ємчлєлийг хориглон, газар тvрээслэхийг нь хязгаарласан хуулийн тєсєл хэлэлцэгдэх болов. Улмаар 1924 онд АНУ нь японы иргэдийг нутаг дэвсгэртээ орж ирэхийг бvрмєсєн хоригложээ. “Номхон Далайн гvvр болно” хэмээн Америк Японы найрсаг харилцааны тєлєє насан туршдаа зvтгэсэн тvvнд ямар хvнд цохилт болсон нь ойлгомжтой. Америкт Японы эсрэг vзэлтнvvдтэй уулзаж ятган, Ерєнхийлєгчид орж бараалхан, Тєрийн Нарийн Бичгийн Даргатай нь Манжийн талаарх Америк, Японы байр суурийг хэлэлцэн, Америкийн нийт нутгаар яриа хийж явав. Гэвч энэ бvхэн талаар єнгєрснєєр барахгvй, хуучны танил нєхдийнх нь дунд хvртэл “Нитобэ Японы армийн удирдлагаас даалгавар авсан байна” гэх зэргийн хардсан яриа гарч байжээ. 1933 онд Японы цэргийг Манжаас гаргах тухай сануулга Үндэстнvvдийн Холбоон дээр 42:1 харьцаагаар батлагдахад Гадаад Хэргийн Сайд Мацуока хурлын танхимыг орхиж, сарын дараа гэхэд Япон улс Үндэстнvvдийн Холбооны гишvvнээс татгалзав. Дэлхийн 2-р дайн дєхсєєр байлаа. Мєн онд Канадад Номхон далайн асуудлаар зєвлєлдєх олон улсын зєвлєгєєн болоход Нитобэ тєлєєлєгчєєр явах болов. Үндэстнvvдийн Холбооноос салан тусгаарласан Японы тєлєєлєгчдийг гадаадын бусад тєлєєлєгчид хэрхэн хvлээж авах нь ойлгомжтой ба энэ нь тvvнээс асар єндєр хариуцлага шаардсан ажил байлаа. Хурлын vеэр бие нь муудсан ч тэр хойш суусангvй. Энэ vед хамт явсан тєлєєлєгч Такаги хожим дурсахдаа “Гоц мэргэд цугларах тусам тийм газар Нитобэ докторын гэрэл гэгээ гялалзаж тодордог юм. Доктор маань Номхон далайн хурлын гол цєм нь байсан юм” гэж хэлсэн байдаг. Харин хурлын дараа тvvний євчин нь даамжирч эмнэлэгт хэвтжээ. Сар гаран хэвтсэний эцэст 1933 оны 10 сарын 15-нд насан єєд болжээ. Хэдийгээр тvvний амьдралын сvvлчийн жилvvдэд vйл явдал бодол хvслийнх нь эсрэгээр єрнєж байсан ч, тvvний суулгасан vр жимс дэлхийн дайны хар сvvдэр єнгєрсний дараа нахиагаа дэлгэсэн юм. Тvvний vзэл санааг євлєн авсан шавь нар нь шинэ Япон орныг байгуулах тєр нийгмийн зvтгэлтнvvд болон єсч єндийсєн ба тvvний сургаалийг амьдралынхаа зарчим болгосон ард иргэд нь дайны дараах хvнд жилvvдэд ч хvний мєсєє хадгалан vнэнчээр хєдєлмєрлєж, шинэ амьдралыг бvтээн байгуулсан юм. Үндэстнvvдийн Холбоо нь 1945 онд Нэгдсэн Yндэстний Байгууллага болон шинэчлэгдэв. Япон орон ч ардчилал, либерализмын замд эргэлт буцалтгvй орж, vсрэнгvй хєгжлийнхєє vvдийг нээсэн билээ.

2004 он 2 сар 25 єдєр

No Comments

Шинэ ном: Өөрийгөө хөгжүүлье! (2004 он)

Номын тавиур

Гадаад хэл, компьютер хэрэглээ, цаг зохицуулалтад хэрхэн суралцаж, бүтээлч сэтгэхүй, өөрийгөө ялах чадварыг төлөвшүүлэх вэ? Эдгээрт хариу өгөх олон санаа, туршлагыг дээжлэн эмхтгэсэн ном. Түүхэн хүмүүсийн намтар, гадаадад суралцаж буй оюутнуудын нийтлэл эссе зэрэг залуучуудад ойр, сонирхол татах агуулгаар баяжуулсан.

Хэмжээ: А5
Хуудас: 162 нvvр
ISBN–99929–6–177–5
Мөнхийн vсэг хэвлэлийн газар
Printed in Mongolia, Ulaanbaatar 2004

Энэ номын тухай миний сэтгэгдэл

Боловсролын салбарт олон жил мєрдєж ирсэн хvvхэд залуучуудыг єв тэгш хvмvvжилтэй болгох зорилтыг шинэ агуулгаар баяжуулж тэднийг амьдралд бэлдэхэд чиглэсэн сургалтыг єргєжvvлэх, тvvнчлэн мэдээллийг мэдлэг болгон хувиргах чадварыг хєхvvлэн дэмжих шаардлага зvй ёсоор тавигдаж буй єнєє vед оюутан залуус маань єєрсдєє хєгжихийн хамт єрєєл бусдыг хєгжvvлэх чин эрмэлзэл євєрлєн бэлтгэсэн энэхvv товхимол нь сурч мэдэх, хийж бvтээхийн єрнvvн сэтгэлээр бадарч яваа vе тэнгийнхэнд нь єєрийгєє таньж, єсєж єєдлєхєд нь дэм єгєх нэн чухал бvтээл болжээ.

Зарим санал зєвлєгєє нь єсвєр насны хvvхдэд ахадмаар мэт санагдавч орчин цагийн хєгжлийн хурдыг дагаж ямар ч тvвшний мэдээллийг хvлээн авч боловсруулах чадавхи нь єндєр болсон єнєє vеийн хvvхэд багачууд бvгдээрээ шимтэн унших нь эргэлзээгvй юм. Тvvгээр ч барахгvй оюутан ахуй насаа vдсэн бусад хvмvvс ч гэсэн энэ эмхэтгэлээс цэнэг авч єєрийгєє бас нэг « чимхээд » авахад илvvдэхгvй биз ээ.

Бvгдээрээ уншиж тунгаан, хєгжихийн тєлєє тэмvvлцгээе !

Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайд З. БАТЖАРГАЛ

No Comments