“ЭМОС НОМ” –ын дөрөвдэх бүтээл хэвлэгдэн гарч, уншигч та бүхэнтэйгээ дахин мэндчилж байгаадаа баяртай байна. Сүүлийн жилүүдэд сурах, ажиллах, аялж жуулчлахаар Япон орныг зорих хүмүүс олширсоор байгаа билээ. Дэвжээ эзэлсэн монгол сүмочдын бахархам амжилт, төр засгийн хамтын ажиллагаа, жирийн иргэдийн харилцаа нөхөрлөлийн үр дүнд Япон улсад ч манай улсын эзлэх орон зай томорч байгаа нь мэдрэгдэх болоод байна.
Жирийн япон хүмүүс Японд байгаа Азийн орныхон дотроос монголчууд бидэнд арай илүү элэгсэг, дотно хандах нь анзаарагддаг. Нөгөө талаас монголчууд бидний хувьд ч япончууд үсрэнгүй хөгжлөөрөө үлгэр дууриал болж, ажилч хичээнгүй, даруухан зан чанараараа хүндлэл төрүүлдэг ард түмэн билээ.
Бид энэхүү цаг үеийн хандлага, эрэлт хэрэгцээнд тулгуурлан зон олон монголчууддаа Япон орон, Японы соёлын талаар ойлголт өгөх, Японд сурах, ажиллах, бизнес эрхлэхээр зорьсон хүмүүстээ мэдээлэл өгч санасан хэрэгт нь тус нэмэр болох үүднээс хөтөч номыг бичихээр шийдсэн билээ.
Номын бүтцээс танилцуулахад, эхний бүлэг болох “ХҮМҮҮС, АМЬДРАЛ, СОЁЛ”-д, япон соёлын үндэс, сэтгэхүйг өөрсдийн хэмжээнд бичиж дүгнэсэн бөгөөд япончуудыг ойлгож, тэдэнтэй сайхан харьцаа тогтооход уншигч танд хэрэг болоосой гэж хүснэм. Мөн Японы эдийн засгийн цар хүрээ, хөгжлийн түүх цаашлаад бизнесийн соёл зэргийн тухай хоёрдугаар бүлэг болох ”ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕС”-т бичив. Хэдийгээр манай хоёр орны харилцаа өргөжсөөр байгаа ч, энэ нь хувийн хэвшил, бизнесийн салбарт бол одоо хир чамлалттай түвшинд байгаа тухай, Монгол-Японы хооронд бизнесийн гүүр босгох боломж, орон зай манай бизнесмэнүүдийг хүлээсээр байгаа тухай энэ хэсэгт өгүүлэв. Харин гуравдугаар бүлэг “БОЛОВСРОЛЫН ОНЦЛОГ БА СУРАЛЦАХ БОЛОМЖ”-д Японы боловсролын тухай товч танилцуулга, мөн Японд ирж суралцах ямар арга хэлбэр байдгийг тайлбарлан бичсэн юм. Цаашлаад Япон оронд аялж жуулчлахыг хүссэн уншигчиддаа зориулж дөрөвдүгээр бүлэг болох “АЯЛАЛ АМРАЛТ”-д байгалийн үзэсгэлэнт газар, амттай япон хоол, хямд аялах арга, хил гааль гарахад хэрэгтэй мэдээллүүдийг тус тус толилуулахыг зорив.
Япон улсын тухай монгол хүний нүдээр тайлбарлан бичсэн энэхүү номоо уншигч танд өргөн барьж байна.
