“Өөрийгөө хөгжүүлье!” номын хэсгээс…
Харгана А.Хулан
Би юу хийж чадах хүн бэ? Би бүтээлч хүн мөн үү? Би жүжигчин Сувд, Бавуугийн Лхагвасүрэн, Жамбын Пүрэв, Бямбын Ренчин, Нобелийн шагналтан эрдэмтэд, архитекторч, зохиолч, эдийн засагч, хуульч нартай хийж бүтээх юмсан гэсэн сэтгэлээсээ гадна юугаараа ижил байж чадах бол? Тэдэнтэй дүйцэхүйц хэмжээний үйлс, бүтээл хийх нөөц боломж, чадвар надад байна уу? Бүтээлч үйлээрээ би тэдний адил нэр хүндтэй болж чадах уу?
Гэх мэт асуултууд санаанд нь төрдөг залуус олон биз ээ. Yүнийг жаахан ч гэсэн тайлах юмсан гэж нэртэй эрдэмтэд, инженер, хуульч, зохиолч, улс төрч гээд олон төрлийн бүтээлч хүмүүс, тэдний нийтлэг шинж чанаруудын тухай судалгаануудыг сонирхон уншиж явдаг билээ. Олсон жаахан мэдлэгээсээ уншигчидтайгаа хуваалцюу гэж бодлоо.
Хүний бүтээлч чадавхи олон талын төгс төгөлдөр мэргэшил, эсвэл авъяас чадвараар тодорхойлогддоггүй байна. Жүжгийн зохиолч Жорж Бернард Шоу үсгийн алдаа маш их гаргадаг байж. Бэнжамин Франклин тоондоо их муу, Альберт Эйнштэйн ч бас хэлний хичээлүүддээ тааруу байсан ба нилээн мартамхай гэж хэлэгддэг байж. Бүтээлийн тоо хэмжээ ч хүний хэр бүтээлчийг тодорхойлдоггүй гэнэ. Зарим хүн олон тооны, ижил хэлбэр бүтэцтэй бүтээлүүд туурвидаг бол зарим нь цөөхөн, гэвч бидний амьдралыг өөрчлөхүйц жинтэй бүтээл туурвидаг. Мөн сэтгэн бодох чадвар ч дангаараа бүтээлч эсэхийг тодорхойлдоггүй юм. Өндөр сэтгэн бодох чадвартай боловч бүхэл амьдралынхаа туршид ямар ч бүтээлч зүйл туурвидаггүй хүн маш олон байдаг ба бага IQ-тэй ч он удаан жил бүтээлчээр ажиллаж амьдарч чаддаг хүн мөн олон байдаг байна.
ТЭГВЭЛ ЯМАР ХҮНИЙГ БҮТЭЭЛЧ ГЭХ ВЭ? БҮТЭЭЛЧ ХҮМҮҮС ЯМАР ШИНЖ ЧАНАРУУДТАЙ БАЙДАГ ВЭ?
Харвард Их Сургуулийн сэтгэл судлаач Пэркинс 1981 онд хийсэн судалгаанаасаа бүтээлч хүмүүс дараах зургаан нийтлэг шинж чанарыг агуулсан байдаг ба энэ шинж чанаруудын хоорондын уялдаа холбооноос бүтээлч хүн төрдөг гэж тогтоожээ. Тэрээр бүтээлч хүн бүр энэ зургаан шинж чанарыг агуулсан байдаггүй боловч энэ шинж чанаруудыг их хэмжээгээр агуулсан байх тусмаа тэр хүн илүү бүтээлч байдаг гэж бичжээ. Түүний зургаан шинж чанар гэдэг нь:
1. Залхуугүй зан чанар
Залхуугүй зан нь ээдрээтэй олон талт асуудал, тодорхойгүй байдал болон хоорондоо зөрчилдөөнтэй мэдээллийг хүлээн авч боловсруулах, дүгнэх, шийдвэр гаргах чадвартай нягт холбоотой. Бүтээлч хүн ийм ярвигтай асуудлуудад хүлээцтэй, нээлттэйгээр ханддаг ба иймэрхүү асуудлыг харин ч дотроо уриалан дуудлага авсан мэт хүлээн авдаг гэнэ. Тэд ямар нэгэн асуудалд анализ хийж, хамгийн гол цэгийг нь олж тогтоох дуртай бөгөөд өөрсдийнхөө амьдралын утга учрыг ч олж тогтоох, хүрээлэн буй юмсын уялдаа холбоог олох, тэдгээрийг ойлгомжтой болгон хялбарчлах хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг. Ийм ч учраас тэд олон талын мэдээлэлтэй харьцан, бүрхэг зорилготой ч болов ажиллаж, шинэ санаа, шийдвэр олж, өөрчлөлт хийхийн төлөө тэмцэхдээ дуртай байдаг.
2. Асуудлыг зөвөөр тодорхойлох чадвар
Гоц бүтээлч хүмүүс юуны өмнө асуудлыг зөвөөр тодорхойлоход жирийн хүмүүсээс хавьгүй илүү цаг зарцуулдаг болохыг сэтгэл судлаачид тогтоожээ. Асуудлын голыг олж тодотгож, юу мэдэх гээд байгаагаа зөв тодорхойлох нь маш чухал. Тухайлбал тооны бодлогын яг асуугаад байгаа зүйл болон өгөгдлүүдийг нь сайн ойлгох, тэдгээр нь хоорондоо авцалдаатай байгаа эсэх зэргийг бодлогоо бодож эхлэхээсээ өмнө сайн эргэцүүлж ажиглана гэсэн үг юм. Энэ алхамын дараа л асуудлынхаа олон янзын шийдлүүдийг хайж эхэлдэг байна. Зөв асуултыг гаргаж тавьснаар бид бүтээлч хариултууд, шинэ нээлтүүд хийж чадна. Харин асуултаа буруу тавибал хариугаа хэзээ ч олохгүй.
3. Уян хатан сэтгэлгээ
Бүтээлч хүн урьдах асуудлаа олон талаас нь харж чаддаг бөгөөд зөвхөн өөрийн үзэл бодлоос гадна бусдын дэвшүүлсэн саналыг ч нээлттэйгээр хүлээн авч нухацтайгаар бодож чаддаг. Тэрээр нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтуудын үнэн эсэхийг шалгах дуртай. Энэ чадвар нь тогтсон хэв маяг, горим журманд шүүмжлэлтэйгээр хандахад хэрэг болдог байна.
4. Азаа сорих зориг
Ямарваа нэг зүйл хийж байгаа хүн бүтэлгүйтэх, эсвэл шийдлийг амжилттай олох хоёрын хоорондох зааг дээр л ихэнхдээ ажиллаж байдаг. Бүтэлгүйтэлд хэн ч дургүй боловч, бүтээлч хандлагаар бол үүнийг өөрийнхөө зорилгод хүрэх замын нэгээхэн хэсэг гэж хүлээж авна. Өөрсдийн бүтээлч чадавхиа эцсийн дуслыг нь хүртэл шавхан ажиллаж, азаа сорьсноор бид үр дүнд хүрэх магадлалаа өсгөнө. “Долоо дордож найм сэхнэ” ч гэдэг. Бүтээлч хүн шинэ талбарт гарч, шинэ бололцоог нээх эрмэлзэлдээ хөтлөгдөн азаа сорьдог байна. Бүтэлгүйтэхээс эмээгээд суугаад байвал бид хэзээ ч мөрөөдөлдөө хүрч, хүссэн зүйлээ хийж чадахгүй шүү дээ.
5. Асуудалд бодитойгоор хандах чадвар
Хэрэв бүтээлч хүн маань асуудалд бодитойгоор хандаж чадахгүй бол түүний бүтээлч эсвэл шизотой эсэх нь ялгагдахгүй байх болов уу. Бодитойгоор хандах гэдэг нь зөвхөн өөрийнхөө л бодлыг ургуулан хөгжүүлээд явахаас гадна бусдын зөвлөгөө, шүүмжлэл, санааг сонсч байхыг хэлнэ. Бүтээлч хүн гэдэг зарим хүний боддог шиг орь ганцаардмал хүн биш юм. Тэдэнд бусдын учир шалтгаант шүүмжлэл, санаа оноо хэрэгтэй байдаг. Ингэж асуудалд обьектив буюу бодитойгоор хандсанаар ямар ч шүүмжлэл, хариу авч сайжруулаагүй бүтээлээс хавьгүй боловсронгуй бүтээл гарч ирнэ.
6. Хүсэл эрмэлзэл, бат итгэл, өөрийгөө цэнэглэх чадвар
Пэркинсийн энэ зургаа дахь шинж бол олон судлаачдын үздэгээр хамгийн чухал шинж чанар юм. Бидний хийж буй зүйлд зөвхөн гадны зорилго болох мөнгөн үнэлэмж, цалин, эсвэл одон медалиас гадна уг зүйлийг хийх өөрийн дотоод тэмүүлэл, авч буй таашаал байх хэрэгтэй. Альберт Эйнштэйн нэгэн найздаа “Миний өдөр тутмын тэмцэл, хүчин чармайлт ямар нэгэн зорилго эсвэл мөрийн хөтөлбөрөөс үүсэн гардаггүй, харин өөрийн минь шууд хэрэгцээнээс үүдэн гардаг” гэж хэлсэн байдаг. Энэ нь уг хүнд өөрийн бодсон зүйлээ хийхгүй суух тэвчээр хүрэхгүй, бүтээлч чадавхиа шавхан хийх сэтгэлийн хүч дотроос нь оргилон гарч ирдэгийг хэлж байна гэж би ойлгож байна. Хийж бүтээх өөрийн дотоод хэрэгцээ, бат итгэлгүйгээр, зөвхөн гадны ямар нэгэн шагнал урамшууллаар хүн хүчээр нэг хэсэгтээ бүтээлчээр ажиллах боловч ийм байдал удаан үргэлжилбэл тэр хүний бүтээлч чадавхи хатаж үгүй болно.
ХАРИН СУДЛААЧ ВАНГАНДИЙН СУДАЛСНААР бол бүтээлч хүмүүс сониуч зан, бие даасан байдал, өөртөө итгэх итгэл, уян хатан боловч шургуу цөхрөлтгүй зан чанартай байдгаас гадна ямар ч асуудалд, ялангуяа тодорхойгүй асуудлуудад хүлээцтэй няхуур хандах буюу яаравчлан өрөөсгөл дүгнэлт хийхээс зайлсхийх чанар, шинэ зүйл, өөрчлөлтийг хүлээн авах чадвартай, таамаглалууд болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зүйлүүдийг шалгаж үзэх дуртай, юмны хөгжилтэй, хошин талыг олж харах чадвартай байдаг гэнэ. Yүнээс гадна тэрээр дараах нийтлэг шинж чанаруудыг авч үзэж тайлбарласан байдаг:
Анхаарлаа төвлөрүүлэх чадвар болон өөрийгөө мэдрэх мэдрэмж
Сэтгэлийн хөдлөлд автах үе хэн бүхэнд тохиолддог боловч бүтээлч хандлагаар бол тухайн эерэг болон эсрэг хариу мэдрэмж нь өөрийн сэтгэлийн хөдлөл төдий эсэхийг танин мэдэхийг оролддог. Yүнээс гадна ярвигтай бодлого бодож, бүтээл урлаж, шийдвэр гаргаж буй хэнд ч удаан хугацаагаар анхаарлаа төвлөрүүлэх чадвар шаардагддаг. Ихэнх бүтээлч хүмүүсийн хувьд өөрсдийнхөө хийж байгаа зүйлд дуртай, түүнийг сэтгэлээсээ хийдэг учир анхаарлаа төвлөрүүлэх нь нэг их том асуудал биш болж хувирдаг байна. Тэд хэзээ анхаарлаа сарниулахаа ч бас мэддэг байна. Хамаг тархи оюун, нөөц бололцоогоо шавхан ажиллаж, яавч урагшлахгүй болсноо мэдэрсэн үед өөр зүйл хийх замаар амарч, дараа сэдэв рүүгээ эргэж орох шинэ эрч хүчийг хуримтлуулах нь зөв юм.
Дайчин зан ба сахилга бат (Discipline)
Асуудалд хүлээцтэй хандах хэрэгтэй ч, үргэлж өөртөө эргэлзээд суувал гараас юу ч гарахгүй. Бодлын гинжээ хэзээ зүсэн гарч, зөн совиндоо хөтлөгдөн урагш алхахаа мэдэх хэрэгтэй. Үүнийг дээр дурдсан аз сорихтой ч холбон тайлбарлаж болно.
Харин сахилга бат гэдгээр бусдын захиргаа, тогтсон зааврын дор дуулгавартай номхон байхыг бус, өөрийгөө захирах сэтгэлийн хатуужлаар өөртөө зарчимч байхыг хэлж байна. Чиг шугамаасаа хазайхгүй байх, эхлүүлсэн үйлсээ дуустал нь үргэлжлүүлэх, өөртөө бууж өгөхгүй байх зэрэг.
Элдэв шинэ санаагаар тоглох, төсөөллөө ашиглах чадвар
Амарч байх үед ч юмуу, өөр юм хийж байх үед уураг тархины аль нэгэн хэсэгт гол асуудал, хийж буй ажил үргэлжлэн бодогдож, шинэ сонин холбоос, шинэ санааг байнга тандан байхыг тоглох гэдгээр илэрхийлж байгаа юм. Мөрөөдөл, ургуулан бодох төсөөллийг жаахан хүүхдийн ажил мэтээр үзэх хүн байдаг. Гэвч үнэндээ асуудлыг дотроо тод төсөөлж чадвал үр дүнгүй удаан цагаар задлан шинжилж бодсоноос хавьгүй хурднаар хариултаа олох нь буй. Сэтгэлдээ төсөөлж чадвал түүндээ хүрч бид чадна.
ТЭГВЭЛ БҮТЭЭЛЧ ХҮНД СААД БОЛОГЧ, БҮТЭЭЛЧ ЧАДАВХИЙГ БУУРУУЛАГЧ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД ЮУ ВЭ?
Тэрэза Амабил болон Лэс Жоунз нарын сэтгэл судлаачдынхаар бол дараах зүйлүүд бүтээлч чадавхид саад учруулах аюултай аж. Yүнд:
1. Бусдаар дүгнүүлэх болон сайшаал урамшууллууд
Эргэн тойрныхондоо, дарга цэрэгтээ юу гэж дүгнэгдэх бол гэж байнгын дарамтанд байдаг хүн бүтээлч үр дүнгийн хувьд тэгж дүгнүүлэх шаардлагагүй хүнээс муу байдаг. Шүүмжлэл, сайшаалын аль нь ч байсан түүнээс үүдэх гадны нөлөөллөөс болоод хийж байгаа зүйлээсээ авах дотоод таашаал багасдагтай холбоотой. Асуудалд бодитой хандах үүднээс бусдын шүүмжлэл, санаа оноог сонсох нь зөв боловч үргэлж дүгнэгдэх буюу дүн авч сурах нь яваандаа хүнийг хийж байгаа зүйлийнхээ төлөө бус, дүнгийн төлөө ажиллахад хүргэдэг байна.
Харин урамшууллын тухайд яривал жаахан ярвигтай. Цалин нэмэгдэх, бонус авах зэрэг урамшууллын хэлбэр нь зарим үед сайн нөлөөтэй байдаг ч, хэтрээд ирвэл хүнийг зөвхөн урамшууллын төлөө ажиллах болгож, бүтээлч идэвхийг бууруулдаг. Гадны нөлөө ихсэх тусам хүн хүсэл эрмэлзэл, дотоод хүчээ мэдрэхээ байж, бүтээлч ажиллагаа нь уналтад ордог байна.
Үүнийг оюутан сурагчдын амьдрал дээр ч хэлж болно. Улирлын дүн л онц байвал боллоо, хүрч болох хамгийн дээд цэг тэр гэж сэтгэл ханах хүн их байдаг. Түүгээр ч зогсохгүй тэр онц дүнгээ сурч буй материалаа бүрэн гүйцэд мэдэж авч бус, харин багшийнхаа хувь хүнд, түүний дүн тавьдаг уламжлалд тааруулж байгаад хөнгөн аргаар авсан байх жишээтэй. Онцоо авчихвал ямар аргаар авсан нь хамаагүй өөрийгөө зөв юм хийж байна, их юм сурч байна гэж боддог. Гэтэл тэгж дүнгийн төлөө бус, үнэхээр тэр хичээлийг сонирхоод хийсэн бол ямаршуухан бүтээлч зүйл гараас нь гарах байсан бол. Үүнд дүнг чухалчилдаг багш нарт ч, сургалтын системд ч, мөн сурлагын ба дипломын дүнг чухалд тооцдог нийгэмд ч буруу бий.
2. Хэн нэгний хараан дор байх
Дарга үргэлж хажууд байж, үйлдэл болгоныг хянаж байхын хэцүүг хүмүүс мэднэ. Хэн нэгний байнгын хараан дор ажиллах нь хүнд сэтгэлийн дарамт, түгшүүр төрүүлэх ба ингэж ажиллах нь байнгын хараан дор ажилладаггүй юмуу, ажиллаж байсан ч үүнийгээ мэддэггүй хүнээс бүтээлч ажиллагааны хувьд сул дорой байдаг байна. Yргэлж хянуулснаар бидний бүтээлийн тоон хэмжээ ихэсч болох боловч бүтээлч чадавхи, шинэ санаа буурдаг. Энэ нь завгүй ажиллахаас илүү завгүй харагдах нь чухал болж хувирдагтай холбоотой болов уу.
3. Хэт өрсөлдөөн
Чөлөөт өрсөлдөөнд бид дуртай. Гэвч хэмжээ нь хэтэрсэн шунаг өрсөлдөөн нь хүний анхаарлыг гол зорилгоос нь хазайлгаж, бодлыг хиртүүлдэг. Өрсөлдөөнд уначихгүй юмсан гэсэндээ хүн өөрийн хийж буй зүйлээсээ илүү хүний хийж байгаа зүйлийг харах, түүнтэй өөрийгөө харьцуулахад цагаа зарцуулах ба нөгөө дотоод хүсэл эрмэлзэл, асч байсан гал нь хоёрдугаарт тавигдаж эхэлнэ.
4. Сонголт цөөтэй байх
Ажлаа хийх, өгөгдсөн даалгаврыг биелүүлэх арга хувилбарууд олонтой байж, тэдгээр хувилбаруудаас чөлөөтэй сонгох боломжтой байх тусам бүтээлч идэвх өрнөдөг байна.
5. Явцуу сэтгэлгээ болон гөжүүд үзэл баримтлал
Явцуу сэтгэлгээ гэдэг нь төсөөлөн бодох ухаанаа өөрөө хаах, тодорхойгүй байдалд орохоос айх болон тогтвортой байдлыг хэт эрхэмлэх, зан чанар, үзэл баримтлалаасаа салж чадахгүй байх, хүнийг сонсохоос дургүйцэх болон өөртөө хэт итгэлтэй байх зэрэг юм. Yүнээс гадна өдийг хүртэл хийж ирсэн арга барилдаа хэт их ач холбогдол өгөх юмуу “цагаан эсвэл хар”, “муу эсвэл сайн” гэх мэт туйлширсан үзэл бодолд баригдах нь шинэ хуучин санаануудын хоорондын холбоог олж харах, шинэ зүйлийг дэвшүүлж, түүнийг хэрэгжүүлэхэд садаа болно.
6. Өөртөө итгэлгүй байх, өөрийгөө голох
Маш олон хүн гараасаа төгс төгөлдөр юм гаргах гэж хамаг хүч цагаа баран, өөрийгөө голж суудаг. Уг нь өөртөө хатуу хандана, өөрийгөө илүү сайн, илүү ихийг мэддэг, зөв хүн болгох гэж оролдоно гэдэг сайны шинж бөгөөд тэр хүнд бүтээлч чанар байна гэсэн үг. Илүү ихийн төлөө чармайж, өөрийгөө голсноор чанартай сайн бүтээл гарна. Гэвч энэ зан хэтэрч хийсэн болгон сэтгэлд нь хүрэхгүй өөрийгөө голоод эхэлвэл бүтээлч хүний маань гараас юу ч гарахаа болино. Өрөөлд тустай зүйл хийхгүйгээс гадна өөртөө итгэлгүй болж, бүтээсэн зүйлгүй боловч тайван сууж буй хүнд ч атаархмаар хэцүү байдалд орох билээ.
Бидний хэнд ч гэсэн ихийг сурч ухаанаа тэлэх, өөрийгөө хөгжүүлэхээс авахуулаад ээж аавыгаа өргөн тэтгэх, улс орноо хөгжүүлж сайхан амьдралыг цогцлон бий болгох хүсэл зориг хадгалаатай байгаа. Түүний тулд баримтлууштай гол зарчим бол төгс дээд байх бус, харин сэтгэл оюунаа шавхан, өөрийнхөө чадах чинээгээр хөдөлмөрлөх явдал юм. Та бүхэн эндээс ямар нэгэн хэмжээгээр өөрсдийгөө дүгнэх боломжтой болж, мөн өөрийгөө яаж илүү үр бүтээлч хүн болгох, ямар бодолтой байж, яаж ажиллах талаар жаахан ч гэсэн санаа авсан байх хэмээн найдаж байна.
2004 он 1 сар 12 өдөр
