Browsing the archives for the Номын тавиур category.

“Амжилтанд хүрэх гал эрмэлзэл” ном дахин хэвлэгдэх боллоо

Мэдээ, Номын тавиур
2 дахь хэвлэл

2 дахь хэвлэл

ЭМОС клубын хэвлүүлсэн гурав дахь бүтээл буюу “Амжилтанд хүрэх гал эрмэлзэл” ном дахин хэвлэгдэх боллоо.

Хоёрдахь хэвлэлийн өмнөх үг

Японы нэрт бизнесмэн Инамори Казүогийн “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” ном анх 2006 онд монгол хэлнээ орчуулагдан гарч олны хүртээл болноос хойш даруй гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд уг номыг найман настай балчраас наян настай буурал хүртэл олон зуун уншигч уншиж, бидэнд санал сэтгэгдлээ ирүүлэн, урмын үг хайрлаж байлаа. Анхны хэвлэл нь эдүгээ манай улсын номын дэлгүүрүүдэд үзэгдэхээ байж, уг номыг эрж сурсан уншигчид бидэнд хандах болсоор багагүй цаг хугацаа улирчээ. Мөн сүүлийн үед Улаанбаатар дахь зарим нэг номын дэлгүүрээс ахин хэвлэж өгөхийг хүсэх болсон юм. Ингээд уг номын хоёр дахь хэвлэлийг гаргах талаар зохиогч Инамори Казүо гуайд ЭМОС клубээс хүсэлтээ илгээсэнд, бидний санааг Инамори гуай ихэд таатай хүлээн авч, Монголын уншигчид өөрийнх нь номыг сонирхон уншиж, үзэл бодлоос нь хуваалцан, суралцаж буйд талархаж буйгаа илэрхийлсэн билээ.

Бидний чадан ядан орчуулсан энэхүү бүтээлд сургамжтай сайхан үг соёрхсон Монгол улсын Ерөнхий сайд асан Ш. Гунгаадорж гуай болон хоёр дахь удаа хэвлэх эрхийг олж авахад гүн туслалцаа үзүүлсэн Киосэра компанийн ажилтан Касүя Масаши нарт гүн талархал илэрхийлье. Гал эрмэлзэл бадрах болтугай!

ЭМОС Клуб
2009 оны 3 сар

1 Comment

Шинэ ном: “Япон хөтөч” (2008 он)

Номын тавиур

Japan guide

“ЭМОС НОМ” –ын дөрөвдэх бүтээл хэвлэгдэн гарч, уншигч та бүхэнтэйгээ дахин мэндчилж байгаадаа баяртай байна. Сүүлийн жилүүдэд сурах, ажиллах, аялж жуулчлахаар Япон орныг зорих хүмүүс олширсоор байгаа билээ. Дэвжээ эзэлсэн монгол сүмочдын бахархам амжилт, төр засгийн хамтын ажиллагаа, жирийн иргэдийн харилцаа нөхөрлөлийн үр дүнд Япон улсад ч манай улсын эзлэх орон зай томорч байгаа нь мэдрэгдэх болоод байна.

Жирийн япон хүмүүс Японд байгаа Азийн орныхон дотроос монголчууд бидэнд арай илүү элэгсэг, дотно хандах нь анзаарагддаг. Нөгөө талаас монголчууд бидний хувьд ч япончууд үсрэнгүй хөгжлөөрөө үлгэр дууриал болж, ажилч хичээнгүй, даруухан зан чанараараа хүндлэл төрүүлдэг ард түмэн билээ.

Бид энэхүү цаг үеийн хандлага, эрэлт хэрэгцээнд тулгуурлан зон олон монголчууддаа Япон орон, Японы соёлын талаар ойлголт өгөх, Японд сурах, ажиллах, бизнес эрхлэхээр зорьсон хүмүүстээ мэдээлэл өгч санасан хэрэгт нь тус нэмэр болох үүднээс хөтөч номыг бичихээр шийдсэн билээ.

Номын бүтцээс танилцуулахад, эхний бүлэг болох “ХҮМҮҮС, АМЬДРАЛ, СОЁЛ”-д, япон соёлын үндэс, сэтгэхүйг өөрсдийн хэмжээнд бичиж дүгнэсэн бөгөөд япончуудыг ойлгож, тэдэнтэй сайхан харьцаа тогтооход уншигч танд хэрэг болоосой гэж хүснэм. Мөн Японы эдийн засгийн цар хүрээ, хөгжлийн түүх цаашлаад бизнесийн соёл зэргийн тухай хоёрдугаар бүлэг болох ”ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕС”-т бичив. Хэдийгээр манай хоёр орны харилцаа өргөжсөөр байгаа ч, энэ нь хувийн хэвшил, бизнесийн салбарт бол одоо хир чамлалттай түвшинд байгаа тухай, Монгол-Японы хооронд бизнесийн гүүр босгох боломж, орон зай манай бизнесмэнүүдийг хүлээсээр байгаа тухай энэ хэсэгт өгүүлэв. Харин гуравдугаар бүлэг “БОЛОВСРОЛЫН ОНЦЛОГ БА СУРАЛЦАХ БОЛОМЖ”-д Японы боловсролын тухай товч танилцуулга, мөн Японд ирж суралцах ямар арга хэлбэр байдгийг тайлбарлан бичсэн юм. Цаашлаад Япон оронд аялж жуулчлахыг хүссэн уншигчиддаа зориулж дөрөвдүгээр бүлэг болох “АЯЛАЛ АМРАЛТ”-д байгалийн үзэсгэлэнт газар, амттай япон хоол, хямд аялах арга, хил гааль гарахад хэрэгтэй мэдээллүүдийг тус тус толилуулахыг зорив.

Япон улсын тухай монгол хүний нүдээр тайлбарлан бичсэн энэхүү номоо уншигч танд өргөн барьж байна.

No Comments

Шинэ ном: “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” (2006 он)

Номын тавиур

Уншигч танаа ЭМОС клубын гурав дахь бүтээл “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” номыг өргөн барьж байна. Тус клуб 2004 онд “Өөрийгөө хөгжүүлье!” хэмээх анхныхаа хамтын бүтээлийг гаргаж, 2005 онд “Мэргэжлээ зөв сонгоход тань” нэртэй дараагийнхаа номыг хэвлүүлсэн билээ. Энэ удаагийнх бол бидний анхны орчуулгын бүтээл болох бөгөөд клубын арван гишүүн гар нийлэн орчуулж, он өртөөлөн уншигч авхайн гарт хүргэж байна.

Зохиогч Инамори Казүо бол Японд төдийгүй дэлхийд нэртэй “Киосэра” группыг үндэслэн байгуулсан хүн юм. Тэрээр 1996 онд хэвлэгдсэн уг номын өмнөх үгт “37 жилийн өмнө Киосэра компанийг байгуулах үед надад бизнес удирдлага, менежментийн ухааны ямар ч мэдлэг, туршлага байсангүй. Ийм нөхцөлд гагцхүү “хүний ёсонд үл харшлах зөв зүйлийг хийх”-ийг тулгуур болгож менежментээ эхлүүлэхээс өөр аргагүй байсан юм. Яваандаа би амьдралын жинхэнэ утга учир, менежментийн байвал зохих арга хэлбэрийн талаар нухацтай бодох болж, өөрийн гэсэн удирдлагын гүн ухааныг боловсрууллаа. Чингээд үүнийг ажилтнуудтайгаа хуваалцахаар өнөөдрийг хүртэл чармайж ирэв. Киосэра компанийн амжилтын талаар надаас асуухад “Компани маань өөрийн гэсэн философитой, түүнийг нь ажилтан бүр сэтгэл зүрхээрээ хуваалцдагтай холбоотой” гэж хариулдаг юм” хэмээн дурсжээ.

No Comments

Шинэ ном: Мэргэжлээ зөв сонгоход тань (2005 он)

Номын тавиур

Дунд сургуулийн ахлах ангийн сурачдад ирээдүйн мэрэгжлээ сонгоход нь туслах зорилготой зөвлөмж. Клубын гишүүд өөрсдөө мэргэжлийн өнөөгийн байдал, хэтийн төлвийг танилцуулсанаас гадна, мэргэжил сонгохдоо юуг анхаарах, ажил дээр гарсан хойно ямар байдаг зэргийг өөрсдийн биет жишээгээр танилцуулсан.

ОРШИЛ

Дунд сургуулийн боловсролын шувтрагад хүрч, амьдралынхаа чухал сонголт дээр тулж ирээд буй залуус дүү нар минь ээ. Үр хүүхдээ хүний зэрэгтэй хүн болгох гэж өглөөнөөс үдэш хүртэл махран зүтгэж, өдгөө энэхүү шийдвэрлэх зааг ирмэг хүртэл хөтөлж авчраад буй эцэг эхчүүд минь ээ.

Нэг олдох насны баяр баясгалан, тэмцэл зүтгэл багтах, нэг хүний амьдралын намтрын товчоо хуудсаа дэлгэн айсуй. Чухам ямар ажил мэргэжлийн замыг сонгож, ямар зам харгуйгаар аялах билээ? Ямар хөг аялгуугаар эгшиглэж, хувь заяаны пянзаа бичиглэх билээ? Энэ талаар нухацтай бодож, даацтай шийд гаргахгүй бол горьгүй.

Өнгөрсөн жил манай дотоодын их, дээд сургуулиудаас хорин мянга нэг зуун залуу боловсон хүч төгсөн гарч, улс орны хүмүүн нөөцийг зузаатгасан боловч, тэдний дөнгөж гуравны нэг нь ажилтай болсон дүн гарсан байна. Хаа сайгүй хийж бүтээх зүйл их, хүний нөөц шаардлагатай байхад ид шижигнэж хангинасан идэр залуучуудын маань дийлэнх өөрийн байр оршихуйг үл олон төөрч байгаа нь даанч тоогүй. Үйлдвэр техник, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, зам барилга, эрүүлийг хамгаалах, соёл боловсрол, мэдээлэл харилцаа гээд өч төчнөөн салбарт хүн хүч дутагдах атал зөвхөн эдийн засаг, бизнес, хуулийн ухаанаар гэхэд бараг тал хувь нь буюу есөн мянга гурван зуун залуус төгсчээ. Ийнхүү хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт нийлүүлэлтийн зөрөө үүсч байгаа нь манай залуучуудад сургууль мэргэжлээ сонгоход нь хэрэг болохуйц бодитой мэдээлэл, зөвлөмж дутагдан, олны аяыг дагаж хошуурах байдал давамгайлж байгааг харуулж байна.

“Диплом” хэмээх хэлбэр төдий үзэмжний хойноос хөөцөлдөх бус, өөрийн хүсэл сонирхол, зан чанарт нийцсэн мэргэжлээ сонгосноор хүнд сурах чин эрмэлзэл төрөх бөгөөд, цаашдаа эрхэлсэн ажилдаа эзэн болж чадна. Зах зээл улам тогтворжин хөгжиж байгаа энэ нөхцөлд ямар ажил мэргэжилтэйгээс хамаарч биш, тухайн мэргэжлийн салбар дотроо үнэнхүү ялгаран товойж чадах эсэхээс хамаарч хувь хүний амьжиргаа, нийгэмд үнэлэгдэх байр суурь шийдэгдэх болж ирлээ. Юмыг мэднэ, чадна гэдэг сайхан зүйл бөгөөд сайтар мэддэг, гаргууд чаддаг ажлаасаа хүн маш их урам зориг, амьдралын баяр баясгаланг авч хүртэж явдаг билээ.

Тэгвэл мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ? Чухамдаа энэ асуултанд хариу болгож Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг улсуудаас интернэт сүлжээгээр холбогдсон монгол залуусын “ЭМОС” клубынхэн энэхүү бяцхан бүтээлээ өргөн барьж байгаа юм. Бидний дунд инженерчлэл, анагаах ухаан, математик-физик, хэл зүй, эдийн засаг, соёл хүмүүнлэг зэрэг олон янзын салбар, мэргэжлүүдээр доктор, магистрын зэрэг хамгаалсан болон горилон суралцаж буй, мөн одоо ажиллаж буй янз бүрийн залуучууд бий.

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй, сонсож байгаагүй олон сонирхолтой нарийн мэргэжлүүд, эзэмших чиглэлүүд байдаг ба зах зухаас нь та энэ номноос мэдэж авах болно. Тэдгээрээр төгссөн хүн маш цөөн байгаагаас уг ажлуудыг гадны мэргэжилтнүүдээр өндөр үнэтэй хийлгэх, эсвэл дотоодын мэргэжлийн бус хүнээр оромдоглуулахад хүрч байгаад бидний сэтгэл зовсон юм.

“Мэргэжил бүхэн сайхан”. Мэргэжилдээ эзэн нь болцгоож байж л сайн сайхныг нь мэдэрч, насан туршдаа сэтгэл хангалуун байх болно. Харин эзэмшихэд амархан мэргэжил гэж үгүй. Эзэмшсэн шиг эзэмшье гэвэл бүгд л хичээл чармайлт шаардана. Хэдийгээр энэхүү номонд олон чухал ажил мэргэжил багтаж ороогүй байгаа боловч, бид өөсдийн боломж юугаа шавхан байж аль болох өргөн мэдээлэлтэй, олон салбарыг хамарсан ном болгохоор чармайсан билээ. Хэрэв энэ удаагийн хэвлэлтээр уншигч та бүхний таалалд нийцэж, хэрэгцээ шаардлага нь харагдах аваас цаашид цуврал болгон гаргаж дундуураа дүүргэж, дутуугаа нэмж арвижуулж явах болно.

Эрхэм уншигч, мэргэн дүү нар маань мэргэжлээ зөв сонгож, олон чадварлаг, оюунлаг мэргэжилтэн Монгол улсад төрж гарваас энэхүү товхимлыг эмхтгэгч залуусын ойрын зорилго биелж, эх орны минь хөгжлийн гал мандан бадарваас холын хүсэл бүтэх нь тэр ээ.

2005.08.20

No Comments

Шинэ ном: Өөрийгөө хөгжүүлье! (2004 он)

Номын тавиур

Гадаад хэл, компьютер хэрэглээ, цаг зохицуулалтад хэрхэн суралцаж, бүтээлч сэтгэхүй, өөрийгөө ялах чадварыг төлөвшүүлэх вэ? Эдгээрт хариу өгөх олон санаа, туршлагыг дээжлэн эмхтгэсэн ном. Түүхэн хүмүүсийн намтар, гадаадад суралцаж буй оюутнуудын нийтлэл эссе зэрэг залуучуудад ойр, сонирхол татах агуулгаар баяжуулсан.

Хэмжээ: А5
Хуудас: 162 нvvр
ISBN–99929–6–177–5
Мөнхийн vсэг хэвлэлийн газар
Printed in Mongolia, Ulaanbaatar 2004

Энэ номын тухай миний сэтгэгдэл

Боловсролын салбарт олон жил мєрдєж ирсэн хvvхэд залуучуудыг єв тэгш хvмvvжилтэй болгох зорилтыг шинэ агуулгаар баяжуулж тэднийг амьдралд бэлдэхэд чиглэсэн сургалтыг єргєжvvлэх, тvvнчлэн мэдээллийг мэдлэг болгон хувиргах чадварыг хєхvvлэн дэмжих шаардлага зvй ёсоор тавигдаж буй єнєє vед оюутан залуус маань єєрсдєє хєгжихийн хамт єрєєл бусдыг хєгжvvлэх чин эрмэлзэл євєрлєн бэлтгэсэн энэхvv товхимол нь сурч мэдэх, хийж бvтээхийн єрнvvн сэтгэлээр бадарч яваа vе тэнгийнхэнд нь єєрийгєє таньж, єсєж єєдлєхєд нь дэм єгєх нэн чухал бvтээл болжээ.

Зарим санал зєвлєгєє нь єсвєр насны хvvхдэд ахадмаар мэт санагдавч орчин цагийн хєгжлийн хурдыг дагаж ямар ч тvвшний мэдээллийг хvлээн авч боловсруулах чадавхи нь єндєр болсон єнєє vеийн хvvхэд багачууд бvгдээрээ шимтэн унших нь эргэлзээгvй юм. Тvvгээр ч барахгvй оюутан ахуй насаа vдсэн бусад хvмvvс ч гэсэн энэ эмхэтгэлээс цэнэг авч єєрийгєє бас нэг « чимхээд » авахад илvvдэхгvй биз ээ.

Бvгдээрээ уншиж тунгаан, хєгжихийн тєлєє тэмvvлцгээе !

Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайд З. БАТЖАРГАЛ

No Comments