Танилцуулга

(Сүүлд шинэчилсэн: 2005.09.10)

Манай вэбхуудсанд тухлан саатсан ЭРХЭМ ТАНД энэ өдрийн амар амгаланг айлтгая!

ЭМОС клуб анх 2004 оны 12 сарын 15-нд Японд суралцагч оюутан залуус дундаа “Өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ?” гэдэг цахим семинар явуулснаар эх сууриа тавьсан билээ. Энэхүү семинар нь яг 100 өдрийн хугацаатай явагдсан бөгөөд семинарын үр дүнд бидний гараас “Өөрийгөө хөгжүүлье!” нэртэй бяцхан ном хэвлэгдэн гарч олны хүртээл болсон. Хамтын бүтээлдээ урамшсан бид энэхүү нөхөрлөлөө клуб хэлбэрээр цаашид хадгалан, улам хөгжүүлэхээр шийдсэн юм. Та дор тавигдсан “Клуб байгуулах учир нь” гарчигтай бичиглэлийг уншиж, бидний анхны сэдэл санаачлагатай танилцаарай.

Манай клуб Монгол, Япон, Солонгос, Герман, Голланд, Англи зэрэг улс оронд ажиллаж, сурч буй 30 орчим гишүүнтэй. Мөн идэвхтэй харилцаатай байдаг олон дэмжигчидтэй. Насны хувьд ч, ажил мэргэжил, эсвэл эрдмийн зэргийн хувьд ч харилцан адилгүй олон янзын хүмүүс цуглаад байгаа газар. Бид гишүүдийнхээ тоог учир зүггүй олшруулахыг яаравчилдаггүй, харин чанартай, итгэл хүлээж чадах гишүүдээр эгнээгээ зузаатгахыг чухалчилдаг. Тиймээс шинээр хүн авахдаа уг хүнийг нь ямар нэгэн байдлаар таньж байж элсүүлэх дүрэм гаргасан. Бидэнтэй хамтран клубын үйл ажиллагаанд бодитойгоор оролцож өөрийгөө таниулах, эсвэл өөрөө өмнө хийж байсан зүйлээрээ олонд танигдсан байх, эсвэл клубын маань хэн нэгний итгэлтэй анд байж түүгээр дамжуулан уригдах гэсэн хэлбэрээр шинэ гишүүнийг бүртгэн авдаг. Гэхдээ клубын хэнийг ч танихгүй, ямар нэг олонд танигдах зүйл хийгээгүй байлаа ч, үнэхээр бидэнтэй нэгдэх, манай хамт олны нэг гишүүн болох хүсэл эрмэлзэлтэй бөгөөд бидний адил зорилго тэмүүлэлтэй бол тийм хүнийг бид баяртай хүлээж авах болно. Үнэндээ тийм хүмүүсийг байнга хайж ирсэн юм.

Клубын үйл ажиллагаа үндсэндээ цахим сүлжээ болох мэйлийн листээр явагддаг. Энд бид клубын үйл ажиллагааны талаар хэлэлцэж шийдвэр гарган, хоорондоо уншсан ном, сонссон мэдээнээсээ хүргэж солилцон, хэн нэгэнд нь онцгой үйл явдал болоход түүнээс нь хуваалцдаг. Мөн тодорхой хугацаанд төсөл, ажил хэргийг санаачилж, түүнд хамжиж дэмжин ханцуй шамлан ордог. Жишээ нь бидний хоёрдахь ном “Мэргэжил бүхэн сайхан” удахгүй хэвлэгдэн гарах гэж байна.

Яваандаа Монгол дахь гишүүд олширвол зөвхөн цахим хэлбэрээр төдийгүй, биеэр уулзаж цуглардаг, алжаалаа тайлж, урам эрч хүч авдаг орчинг бүрдүүлэхийг зорьж байгаа. Ирээдүйд клубын гэсэн байртай болж, амралтын өдрүүдээр гишүүд маань гэр бүлээрээ ирж, спорт тоглоом тоглох, ширээ тойрон сууж ярих зэргээр алжаалаа тайлж, мөн өндөр хурдны интернэт, олон улсад нэртэй шилдэг сэтгүүлүүдийн захиалга зэрэг мэдээлэл, танин мэдэхүйн дундын сан, үйлчилгээтэй болохыг мөрөөддөг. Мөрөөдөл их, боломж хязгааргүй. Харин энэ мөрөөдөл төдий зүйлийг бодитой ажил хэрэг болгох, клубт өөрийн өнгө аясаар хувь нэмэр оруулж, өөрөө ч ихийг эндээс олж авч, өдөр тутмын амьдралаа утга учиртай болгох тэр хүмүүсийн нэг нь, магадгүй үүнийг уншиж байгаа та ч байж болох.

Клубын талаар дэлгэрэнгүй асууж тодруулах зүйл гарвал доорх хаягаар холбоо бариарай. Таныг хүлээж байна: emosclub[at]gmail.com

Клуб байгуулах учир нь

Өнөөдөр дэлхийн олон улс оронд чадалтай, боловсролтой монгол залуус сурч, ажиллаж байна. Эх орныхоо хөгжил, ирээдүйн төлөө зүрх сэтгэл цохилон явдаг эдгээр залуус гар гараа нийлүүлж, харилцан бие биеэ урамшуулж, хийж бүтээх хүслээ бадрааж чадваас асар их хүч, бололцоо эндээс ундарч гарах нь дамжиггүй.

Гэтэл бодит байдал дээр хоорондоо тийнхүү холбогдох боловсронгуй аргыг нээн олж чадахгүй байгаагаас нуугдан буй асар их боломжийг алдсаар байгаа юм. Нутагтаа эргэж очсон залуусын маань дунд өөрийнхөө потенциалыг нээж гаргах газраа олж ядан, нийгэм дэх ухамсрын ядуурлаас үүдэх эсэргүүцэлтэй тулгаран зориг мохож яваа хүн ч цөөнгүй. Оргилуун хүсэл эрмэлзэл, хөгжингүй оронд өөриймшүүлсэн зан суртахуунаа гээж, шинэ дэвшилтэт зүйлийг хийж түгээх бус, өөрөө эргээд хавтгайрсан хуучин зуршил, тогтолцоонд уусч зэвэрдэг жишээ олон.

Yүнээс салахын тулд бид санаа сэтгэл нэгт нөхдүүдтэйгээ холбоо тогтоож, бие биеэ түшиж дэмжих бат хүрээллийг үүсгэх шаардлагатай. Бид бүхэн эрдэм шинжилгээ, төрийн алба, улс төр, хувийн бизнес гээд ямар ч салбарт ажиллаж болно, урдаа тавих зорилгууд маань ч олон янз байж болно. Харин тэр цагт сэтгэлээр тэжээж, бодитой үйлээр дэмждэг хамт олонтой байвал өөрийн итгэл үнэмшил, тавьсан зорилгынхоо төлөө зогсолтгүй урагш тэмүүлж явах хүч болох юм. Эдийн засаг, хууль, инженер технологи гээд бидний мэргэжлийн салбар янз бүр, харин бидэнд нийтлэг эрмэлзэх зүйл болох “зөв сэтгэл”, улс нийгмийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах нэгэн ижил хүсэл тэмүүлэл бий.

Бид өөрсдийнхөө амьдралыг өөрчлөхийг хүсдэг. Бид Монгол орноо өөрчлөхийг, хөгжүүлэхийг хүсдэг! Ганц нэг хүнд энэ амаргүй ч, нийтээрээ хөдөлвөл мөрөөдөл бодит амьдрал болж чадна.

Тийм коммюнити, тийм нэгдлийг бий болгохоор EMOS сүлжээний гишүүд ярилцаж, EMOS КЛУБ-ийг байгуулахаар ярьж тохирлоо. Бие биеэ дэмждэг, хэлсэн үг авсан ажилдаа хариуцлагатай ханддаг, хүн бүр хувь нэмэрээ оруулдаг хамт олонг бүрдүүлснээр бид улам хүчтэй болж, ийм хамт олны нэг гишүүн байснаар бидний амьдрал илүү баталгаатай болно. Тийм байж чадах клубыг бид зорьж байна. Уинстон Черчилл нэгэнтээ “Байшинг эхлээд бид барих боловч байшин эргээд биднийг барьдаг (First we build our buildings, thereafter they build us)” гэж хэлсний адилаар клубыг бид байгуулах боловч, клуб эргээд биднийг боловсруулан хөгжүүлж өөртөө итгэлтэй, бие хүмүүс болж өөрчлөгдөхөд нөлөөлөх билээ. Ёс суртахуун, зөв сэтгэлийг эрхэмлэж, нийгэмд өөрийн хувь нэмэрээ оруулах хүслээрээ ижилссэн “шинэ монгол хүмүүс”: эрдэмтэд, бизнесмэнүүд, албан хаагчид, улс төрчид, эмч хуульчид, салбар салбарын мэргэжилтнүүд эндээс төрж гараасай гэж хүснэм.

Итгэл даах чанар, шударга зан суртахуун манай клубын нэг гол зарчим болох бөгөөд нийгэмд дэвшилтэт ухамсар, үзэл сэтгэлгээг батжуулан түгээхийн тулд эхлээд түүнийг дэмжиж, өөр дээрээ тусгахыг эрмэлздэг хүмүүс нэгдэн нийлэх хэрэгтэй. Энэ зарчим бидний гол онцлог буюу “имиж” болж, түүгээр дамжуулан бид эргээд нийгмийн зүгээс итгэл хүлээх болно. Mөн энэ итгэлээр бид холбогдож, итгэлцэл нь бие биенээ найдвартай дэмжих хамт олны үндэс болж өгнө. Байгуулж буй клубынхээ хөгжил, хязгааргүй олдох боломж юугий нь уудлан гаргахаар бид ажиллацгаах болно. Шинэ санаа дэвшүүлэгч, хамгийн гол нь хэлсэндээ үнэнч ба ажил хэрэгжүүлэгч, зөв сэтгэлийг эрхэмлэгч залуусыг бид хүлээж байна!

2004.04.12

Leave a Reply

Allowed tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>